Наадмын өмнө буюу 2020 оны долдугаар сарын 9-нд Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт зорчиж явсан эх амаржиж ихэр охин мэндэлсэн билээ. Гадаадаас ирсэн иргэдийг халдвар хамгааллыг сахих дэглэмийн дагуу эхний удаад 21 хоног эмнэлгийн хяналтад, дахин 14 хоног тусгаарлалтанд авч байгаа. Ихэр охид ч мөн ээжийнхээ хамт энэхүү 35 хоногийн тусгаарлах хугацааг дуусгаад Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарлаа.
Ихэр охидын ээж Д.Болортуяа “Гурван жилийн өмнө Истанбул хотыг зорьсон. Наашаа ирэхэд охид маань долоон сартай байсан. Нисэхээс хоёр хоногийн өмнө бие маань бага зэрэг өвдөж байсан л даа. Эмч нарын яриагаар реакц өгсөн юм байна лээ. Энэ миний дөрөв дэх төрөлт. Онгоцонд бие өвдөхөд их сандарсан шүү. Гэхдээ тэр олон буянтай хүний ачаар хоёр охиноо эрүүл төрүүлсэндээ үнэхээр баяртай байна. МИАТ компанийн нисгэгчид мөн хоёр охиныг маань эх барьж авсан эмч, сувилагч, онгоцны үйлчлэгч гээд маш олон хүн надад тусалсан. Бүгдэд нь маш их баярлаж байна. Охид маань 1.6 кг, 1.4 кг-тай төрсөн. Одоо жин нь нэмэгдэж байгаа. Хоёр охиндоо Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр өгсөн. Аав эгч хоёр нь ярилцаж байгаад өгсөн юм.
Аав нь одоо Туркэд байгаа. 20-ны нислэгээр ирнэ” хэмээн нүдэндээ нулимстай хэлсэн юм. Тухайн үед ямар нөхцөл байдал үүссэн, түүнийг хэрхэн даван гарсан тухай ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн газрын дарга Б.Батсүхээс тодрууллаа. “Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч хүний бие муудлаа гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн юм. Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм.
Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигчид дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн. Төрсний дараа эхийн даралт унасан, буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа” гэлээ
Энэ үеэр Монгол Улсын Гавьяат нисгэгч Г.Мөнх-Очиртой ярилцсан юм. Тэрбээр “1966 онд Сангидорж даргатай, АН-24 онгоцонд хүүхэд мэндэлсэн, одоо 50 гаруй насны хүн байгаа. Тэр хүнийг Мөнгөнхүлэг гэдэг. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 9-нд бид Улаанбаатараас Истанбул, Истанбулаас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан. Дүүрэн зорчигчтой хөөрсөн. Өндөр авсны дараа Алтанхуяг, Цэрэнханд хоёр маань "Төрөх эх өвдөөд байна" гэж хэлсэн. Буцаад буухад хүнд, онгоц 25 тонноор илүү ачаатай байсан. Өөрөөр хэлбэл, буухад цаг их орох байсан учраас нислэгээ үргэлжлүүлье гэж шийдсэн. Нэг цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад "Анхны охин мэндэллээ" гэдэг мэдээллийг өгсөн.
Арваад минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн мэдээ дуулгасан. Хоёр охин маань их азтай. Эх баригч хоёр ч хүн, эмч, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарсан. Тэд байгаагүй бол эрсдэл үүсэх маш хүнд нөхцөл замын туршид үүссэн шүү” хэмээлээ.
Мөн энэ үеэр ихэр охидод МИАТ-ийн хамт олон бүх чиглэлд, насан туршдаа үнэгүй зорчих эрхийн бичиг гардууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.