“JAMA” эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлснээр цаг агаарын байдал зүрхний шигдээсээр өвчлөхөд нөлөөлдөг гэжээ.
Цаг уур хүйтэн, хур тунадастай, үүлэрхэг салхитай, агаарын даралт бага байвал зүрхний шигдээс болох буюу зүрх хаагдах эрсдэл нэмэгддэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Швед улсын цаг агаарын мэдээг 275,000 зүрхний шигдээстэй өвчтнүүдийн түүхтэй харьцуулан судалсан байна.
1998-2013 оны хоорондох мэдээллийг харьцуулан судлахад цаг агаарын байдал зүрх судасны өвчлөлд мэдэгдэхүйц нөлөөлдөг гэжээ.
Судалгааны ажлыг удирдсан Шведийн Лунт Их сургуулийн зүрх судасны төвийн тэргүүн Дэвид Эрлинг эмч энэ талаар “цаг агаарын байдал зүрхний шигдээсээр өвдөхөд нөлөөлдөг тухай зуу орчим жил эмч нар ярьсан. Бидний хийсэн өргөн хүрээг хамарсан судалгааны дүнд цаг уурын бусад төлвөөс илүү бүрхэг хүйтэн үед зүрхний шигдээсээр илүү өвчилдөг гэдгийг баталлаа” гэжээ.
Мөн агаарын температур цельсийн 0 хэмээс бага үед зүрхний өвчин ихэсч, харин нэмэх хэм рүү орж дулаарахад эрс багассан байна. Түүнчлэн газарзүйн байрлалаар авч үзэхэд Шведийн хойд хэсэгт урдаасаа илүү сэрүүн, хуртунадас, салхи ихтэй байдаг. Энэ нутагт мөн зүрхний шигдээсээр өвчлөгсөд урд нутгаас илүү байна.
Тиймээс зүрх судасны өвчтэй, ахмад хүмүүсийг наргүй үүлэрхэг үед дулаан хувцаслаж, аль болох гадагшаа гарахгүй байхыг зөвлөж, нарлаг дулаахан газарт цагаа өнгөрөөж байгаарай гэжээ.
Эх сурвалж: www.nbcnews.com