СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-10

Хөшөө тийш урсах улсын мөнгө уйлдаггүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

2010 онд шиг санагдаж байна. Нэгэн эрхэм хүн зурагтаар ярьж байсан юм. “Энэ суваргын шав тавих ёслолд 500 тонн буудай хэрэглэсэн” гэж. Ийм их буудай шороон доор булчихаад хэнэг ч үгүй бардамнаад яриад сууж байлаа. Энэ яриаг тун ч халаглан сонсож, гайхан алмайрч байснаа мартдаггүй. Гэтэл тухайн жил ч бил үү манай хойд хөрш буудайн гарц муу байснаас улаанбуудайн экспортоо зогсоож, хилээ хүртэл хааж байл уу даа. Гэтэл монголчууд суварга нэртэй хөшөө барихыг тулд доор нь тэр их хэмжээний буудайг булшилсан гээд ярьж байсан юм даг. Хэрэв Монгол Улс хөшөө, суварга болгоны дор буудай булдаг бол бид өдийд хэчнээн мянган тонн буудай булчихсан байх бол.

Бид ер нь өлсөж үзээгүй ард түмэн. Түүхийн аль ч цагт өлсгөлөнгөөр хүнээ алдсан тохиолдол нэн ховор. Хүн үрэгдсэн бол шалтгаан нь ахуйн осол гэмтэл, архины хэрэглээ, автомашины дүрэмгүй жолооч нарын балаг, аав ээж, ах дүүгийн хайхрамжгүй олон үйлдлээс хүүхэд эндсэн, томчууд амь насаараа хохирсон байх нь бий.

Тиймээс ч тэр үү, хямрал, эдийн засгийн уналт, өлсгөлөн, ядуурал, үхэл, авлига, төрд шургалсан тонуулчид гэх сэдэв хөндсөн олон асуудалд нийтээрээ нэг л тоомжиргүй ханддаг нь үнэн билээ. Үүгээр л дайраагүй бол түүгээр зайлна биз гэсэн маягтай ханддаг. Энэ хандлага улс төрийн орчинд ч, улсаа төвхнүүлэх даалгавартай улстөрчдийн төлөвшил, зарчим, хандлагад ч тогтжээ. Их бага, дарга цэрэг, хэлтэс газар, яам, тамгагүй бүгд л алив нэг бүтээн байгуулалт, хөрөнгө төсөвт ажлаас хумсалж, хувийн амьдрал, өөрийн хэрэгцээндээ аваад данслахыг бодох хулгайч сэтгэхүйд хүлэгджээ. Нийтэд, нийгэмд, улс оронд, үр хойчид минь хэрэгтэй учраас...гэсэн аж ахуйч, алсаа харсан, хөгжлийг жинхэнэ утгаар нь бүтээх гэсэн ашиг ч бус ажилсаг чанар бидэнд сох дутаж байна.

Тэрбум тэрбумаар нь хөрөнгө, төсвийг нь батлуулчихаад шавар хутгаж, тоосго өрсөн болоод арилаад өгдөг, сувдаг шунахайтнуудаар Монгол дүүрчээ. Ийм шударга бус хуваарилалтын балаг нь  Хэнтий аймгийн Батноров сум дахь “Андлалын өргөө” хөшөөт цогцолбор болон “Их хуралдай орд өргөө”. Тус бүр нь улсын төсвийн хоёр тэрбум (нийт 5.7 тэрбум) төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх цогцолборууд боссон нь энэ. Хайран мөнгө. 

Ер нь бид хямарсан уу гэж асуумаар. Бид ядуу, ажилгүйдэл нь туйлдаа хүрсэн улс үндэстэн мөн үү гэж лавламаар. Үүний хариулт нь “ Бид цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс хүртэл хулгайлж баригддаг дарга нарыг тахин шүтдэг ард түмэн. Сая сая ам.доллар оймс, сейф, албан өрөөндөө, гаднын банканд нуучихдаг урт гартнуудаар удирдуулж яваа дорой иргэд” гэсэн хариулт бодол дүүргэх нь харамсалтай. Монголын ард түмэн хүлцэнгүй, нунж дорой, аливааг уучлан боддог, хулгайч сэтгэхүйг өөгшүүлэн толгойг нь илдэг, тэднийгээ тахин шүтдэгээс өнөөдөр хүнээ хөгжүүлнэ гэхээсээ урьтаж, хөшөө босгох сонирхолтой дарга нар олширсон.

Тиймээс л ийм тийм учир шалтгаан, элдэв гоё тайлбартай хөшөө шил шилээ даран сүндэрлэж, хамаг амьтныг гайхшруулсаар байна. Хөшөөгөөр хөлжигсдийн нэрсийг түүвэрлэвэл, Түүний араас Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд ордог байв. Тэрбээр Ялалтын талбайн голд хоёр тэрбумаар Тусгаар тогтнолын хөшөө гээчийг босгосон.

Хөшөө мэт хөшүүн ийм бүтээн байгуулалтын араас улбар шар өнгийн гэрэлтүүлэгтэй гарц зүй ёсоор багтана. Төсөвт өртөг нь нэг тэрбум гэж байгаа. Энэ мэт өртөг нь тэрбум давсан ч өнгө зүс, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй элдэв хөшөө мөнгө идэх нэг арга болсоор өнөөдрийг хүрэв. Үүний араас “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр боссон байдаг. Үүнтэй зэрэгцэн

Үндэсний аудитын газрын АСЕМ-ын хурлын зарцуулалтаар хийсэн дүгнэлтээр уг хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээсэн гэжээ. БНХАУ-аас оруулж ирсэн хөшөөний хүрлийг гаалийн татвараас хүртэл чөлөөлсөн байсан. 

Хөшөөг тээвэрлэх, суурилуулах гээд шат шатандаа явсаар нийтдээ төсөвт өртөг нь 668.7 сая төгрөгт хүрсэн байдаг. Ийм их хэмжээний мөнгөөр АСЕМ-ийн дурсгалд зориулж хөшөө босгох нь өнөө л мөнгө идэх аргуудын нэг нь хэнд ч ойлгомжтой. 

Эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг л байвал ашгаа өгөх гээд байгаа хавтас дүүрэн үйлдвэрлэлийн санааг нь дэмжээч. Сайдууд нь гаднын улсын хамгийн баян дүүрэгт хэд хэдээр тоологдох хаустай, гаднын банканд хэдэн тэрбумаар тоологдох валютын хадгаламжтай, хөрөнгө орлогынх нь мэдүүлэг цаасан дээр буугаад барагддаггүй хэрнээ иргэд нь хонины морь шиг номхон, илжиг шиг зүтгээд, төрийн хатуу бодлого, харгис татвар, шийтгэврийн дор зүтгээд байж боломгүй. 

Ядуу ард түмэн ардчилсан нийгмийг байгуулж чаддаггүй, хүн төрөлхтний хөрснөөс соёл, түүх, хил, хэлтэйгээ устдаг гэдэг үг оргүй хоосон биш бололтой. Тэртээ 1990 онд л монголчуудын гуравны нэг нь ядуу гэгддэг байсан. Гэтэл өдгөө энэ тоо өөрчлөгдсөнгүй. Ядуу учраас л мөнгөтэй, төсөвтэй бүхнээс хумсалж, хойш нь хурааж, ганцаараа хоолтой амьдрахыг чухалчилдаг биз ээ. Угтаа бол бид жилээс жилд тэнгэр багаднасан барилга байгууламж барьж, хүн бүр хувийн өмч, байр, машин, газартай болсон. Хот хөдөөгийн ялгаа бараг арилж, тайгаас интернетэд холбогдон, малчны хотноос дэлхийн дахины мэдээ мэдээлэл сонсож байна. Энэ хөгжил мөн ч ядуу иргэдийн тоо буурсангүй.

Яагаад тэр вэ. Хариулт нь тун ч тодорхой. Хулгайлахгүй л бол ажил хийлээ гэж өөрийгөө тооцохоо больсон ялзарсан сэтгэхүйтэй нь туйлын холбоотой. Яг үнэндээ өнөөдрийн өөдөлдөггүй нийгмийг бүтээхийн тулд ихээхэн зальжин ухаан, ичихээсээ нэгэнт өнгөрсөн гөлгөр, гөлтгөр нүүр хэрэгтэй болдог аж. Ядуурлаас хүнээ гаргах бус ядуу байлгах бодлого хэрэгжүүлэхэд боловсрол ч хэрэггүй. Зүгээр л гаргууд сайн хулгайч байхад л болдгийг бид салбар бүрт лаглайсан дарга нарын тонуулаас өдөр бүр харах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.