Япон Улсын халдварын хамгийн том голомт нийслэл Токио хот хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд халдварын дэгдэлт саарахгүй байгаа төдийгүй тус хотод ес дэх өдрөө дараалан шинэ тохиолдлын бүртгэгдсэн тоо 200-г давав. Түүнчлэн долоо хоногийн дотор 1546 хүн халдвар шинээр аваад байгаа статистик мэдээлэл нэгтгэгдэн гарав.
Тухайлбал энэ сарын 5-ны өдөр Токио хотод 263 хүн шинэ коронавирусаар халдварлажээ. Түүний дотор, 20-30 насны нийт 163 хүн байгаа бөгөөд энэ нь шинэ халдварын 62 хувь ажээ. Ийнхүү Токио хотод батлагдсан халдварын тоо 14,285 болоод байна. Мөн 21 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Айчи мужийн захирагч Х.Омура тус мужийн Нагоя хотод халдвар тархаж, вирусийн хоёрдахь давалгаа дэгдэж байгаа тул мужийн түвшинд “онц байдал” тогтоож байна хэмээн энэ сарын 5-ны лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийв.
Онц байдлыг эхний ээлжинд энэ сарын 24-ний өдрийг хүртэл тогтоож байгаа бөгөөд энэ хугацаанд тус мужийн оршин суугчдыг өөр газар руу зорчих, бусад мужийн иргэдийг ирэхгүй байхыг уриалж, онцын шаардлагагүй болон яаралтай бус тохиолдолд гадуур гарахгүй байхыг Х.Омура захирагч зөвлөжээ. Тэрээр “Энэ удаагийн онц байдал нь зуны амралтын үеэр хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах, ялангуяа ирэх долоо хоногоос эхэлж буй “обон” баярын үеэр жил бүр олон хүн төрсөн нутагтаа буцаж ирдэг учраас энэ удаад уг хөдөлгөөнийг багасгах замаар үхлийн аюултай энэхүү вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм” гэжээ.
Гэвч тэрээр “онц байдал нь ямар ч албадлагын чанаргүй бөгөөд иргэдээ шаардлагагүй хөдөлгөөн, аялал хийхээ багасгах, хийсэн нөхцөлд өөрсдийгөө хязгаарлах хүсэлт юм” гэж нэмж тодотгожээ.
Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдлын тоо ч өссөөр байна. Япон Улсын “Эн-Эйч-Кэй” агентлагийн энэ сарын 5-ны өдрийн 18:12 цагийн мэдээллээр улсын хэмжээнд нийт 934 хүн шинээр халдвар аваад байна. Энэхүү тоо нь 23:59 минут хүртэл нэмэгдэж, өмнөх өдрүүдийн адил 1000 давах магадлал өндөр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.