Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн.
Нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар шалгалтыг зохион байгуулах гэнэ.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Баянгол дүүргийн “Тосо” худалдааны төвд өнгөрсөн сарын 30-нд иргэн Д хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол дахин тус төвд энэ сарын 5-нд хяналт шалгалт хийхэд иргэн Д хоёр ширхэг тарваганы мах худалдан борлуулах гэж байсныг илрүүлсэн.
Түүнчлэн Налайх дүүргийн Өндөр улаан гэх газар буюу цэвэр усны 31 дүгээр худгийн ойролцоо үхсэн тарвага байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу мэргэжлийн байгууллага очиход ямар нэгэн шарх сорви байхгүй үхсэн тарвага байсныг илрүүлж, шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариу өнөө орой гарах гэнэ. Үхсэн тарвага байсан ойролцоох газрыг ариутгасан байна.
Түүнчлэн Ар гүнтийн даваанд хяналт шалгалт хийхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн бугын чив /засаа/ тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд жил бүрийн найм, есдүгээр сар нь тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдгийг албаныхан дурдаж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.