Ливаны нийслэл Бейрут хотын боомтод мягмар гарагийн орой хоёр удаагийн томоохон дэлбэрэлт болж, дор хаяж 78 хүн амь насаа алдан, дөрвөн мянга гаруй хүн шархаджээ.
Хохирлын хэмжээ асар их байгаа бөгөөд боомтоос хэдэн км-ийн зайтай барилга байгууламжууд ч сүйрээд байна. Цар тахалд нэрвэгдэн, санхүүгийн уналтын эрмэг дээр байгаа Ливан улсын хувьд энэхүү аймшигт дэлбэрэлт тун хэцүү цаг үед тохиож байгаа гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа юм.
Эхэндээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус дэлбэрэлтийг боомт дахь салют хадгалах байгууламжид гал гарсны улмаас болсон гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл Ливан улсын Ерөнхий сайд Хасан Диаб албан ёсны мэдэгдэлдээ хоёр дахь дэлбэрэлт боомтын нэгэн агуулах дотор байсан 2,750 тонн аммонийн нитратын улмаас үүссэн гэж мэдэгдсэн байна. Аммонийн нитрат нь бордоо болон уул уурхайн тэсрэх бодисын бүрэлдэхүүнд нийтлэг хэрэглэгддэг химийн бодис юм.
Ерөнхий сайд Диаб Батлан хамгаалахын зөвлөлийн хуралдааны үеэр "2,750 тонн аммонийн нитратыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр зургаан жилийн турш агуулахад хадгална гэдэг байж боломгүй зүйл. Бид энэ талаар чимээгүй байж болохгүй ... Энэ хэрэгт хэн хариуцлагатай болохыг илрүүлж, тэдэнд хамгийн хатуу шийтгэл хүлээлгэх хүртэл би амрахгүй" гэжээ.
Цар тахлын улмаас аль хэдийн хүнд байдалтай байсан орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, иргэдээс цусаа хандивлахыг гуйн, цахилгаан үүсгэгчдийг яаралтай авчрахыг албаны хүмүүсээс хүсэж байгаа аж.
Тус улсын удирдлагууд дэлбэрэлтийн шалтгааныг судалсаар байгаа ба одоогоор бэртэж, гэмтсэн иргэдэд тусламж үзүүлэх ажил дээр төвлөрч байна.
Эх сурвалж: The Guardian, DW
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.