ХБНГУ-ын хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэгч, вакцины эсрэг идэвхтэн болон бусад иргэдээс бүрдсэн нийт 17 мянга орчим хүн тус улсын коронавирусийн эсрэг дүрэм, журмыг эсэргүүцэн нийслэл Берлин хотод жагсжээ.
Тэд Германы Засгийн газраас тогтоосон амны хаалт зүүн, бие биеэсээ зай барих зааварчилгааг шүүмжлэн, Засгийн газрыг "бидний эрх чөлөөг хулгайлж байна" хэмээн буруутгав. Нэгэн эсэргүүцэгч "Бидний шаардлага бол ардчилал руу буцах. Бидэнд тулгасан энэ хууль журмыг эсэргүүцэж байна. Биднийг боол болгосон энэ амны хаалтуудыг эсэргүүцэж байна" гэсэн юм.
Түүнчлэн жагсагч нар нэгдэн, "Бид бол чөлөөт хүмүүс" хэмээн чанга дуугаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин өөр нэг идэвхтэн "Дэлхий даяар Засгийн газрын заавар дор ажилладаг цөөхөн хэдэн эрдэмтдийн хоолой л сонсогдож байгаа учир бид өнөөдөр энд цуглаад байна. Дэлхийн өөр бусад мянга, мянган эрдэмтэн, эмч нарын хоолой сонсогдохгүй, тэдний дуу хоолойг хааж боогоод байна. Тэд бүхэл бүтэн их, дээд сургуулиуд ажиллуулдаг хүмүүс хэдий ч тэднийг хэт туйлшрагч нар хэмээн гадуурхдаг. Би үүнийг эсэргүүцэж байна" гэв.
Герман улс эхэндээ коронавирусийн тархалтыг хяналтдаа аваад байсан ч сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.