Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай өчигдөр уулзав. Уулзалтаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай туулах, хоёр улс хамтран ажиллах БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаар санал солилцжээ.
Элчин сайд Ли Ё Хун “Одоогийн байдлаар БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг сайжруулж, Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр авч буй ажиллах хүчтэй холбоотой асуудалд анхаарал тавих болно. Монгол Улс оногдсон квотоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангахад илүү анхаарч ажиллана” гэжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны хувьд ажиллах хүч болоод эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарт хамгийн тулгуур хамтын ажиллагаа өрнөдөг. Монголчуудын хувьд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн олон байдаг. Хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг нь хангаад хамтран ажиллах нь чухал. Манай иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх явдал ч бий. Тиймээс Монгол Улс бүртгэлийн цахимжуулалтыг хөдөлмөрийн гэлтгүй бүх салбарт хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Албан ёсны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хийх ажлууд бий. Харин албан бус буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд бас байгаа” хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.