Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 226,000 тохиолдол шинээр бүртгэгдэж 4,000 гаруй хүн нас баржээ. Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавирусийн халдвар АНУ, Бразил, Энэтхэг улсад өндөр хэвээр байна.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 54,400 гаруй, Бразил улсад 48,800 гаруй, БНЭУ-д 47,700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
АНУ-ын холбооны засаг захиргаанаас Калифорни, Флорида, Аризона, Техас зэрэг мужид баар цэнгээний газруудыг хааж, ресторанд сууж үйлчлүүлэхийг хязгаарлан, амны хаалтыг заавал зүүх шаардлага хэрэгжүүлэх болсноос хойш дээрх муж, улсуудад тархалт бага зэрэг буурч, байдал арай дээрдэж байна гэж мэдээлжээ.
Тус улсад 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэх болон нийт хийгдсэн шинжилгээний эерэг хувь 10-аас дээш гарсан газруудыг улаан бүс хэмээн тодорхойлж байгаа аж.
АНУ-д 2020-2021 оны томуугийн улиралд бэлтгэж томуугийн вакциныг одооноос нийлүүлж эхэлж байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс энэ жил улирлын томуу болон шинэ коронавирусийн халдвар зэрэгцэж тархах тул хоёр төрлийн халдвар авсан хүмүүс илүү хүндрэх эрсдэл байгаагаас гадна эмнэлгийн байгууллагуудад ачаалал улам нэмэгдэж дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй тул иргэд энэ жил томуугийн вакцинд заавал хамрагдах шаардлагатайг зөвлөжээ.
ЯПОН УЛС
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 598 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 397 нь Канто бүсэд бүртгэгдэн.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
Солонгос улсад өчигдөр 48 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 38 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол дотоодод 14 тохиолдол бүртгэгдсэн байна.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БНХАУ-д өчигдөр 101 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 98 нь дотоодын хүн амын дундах халдвар байсан бөгөөд дотоодын халдварын дийлэнх нь буюу 89 нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн бөгөөд Мягмар гарагийн байдлаар тус бүсэд 322 тохиолдол батлагдаад байна.
Мөн эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэггүй 133 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Харин тус улсын Бээжин хотын Шиньфади хүнсний захын голомтоос халдвар авсан 335 хүнээс одоогоор 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь эдгэрсэн.
ХОНКОНГ
ХонКонгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 106 тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 2,884 боллоо. Тус бүсэд уг өвчний улмаас 23 хүн эндээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.