Цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлоод буй “Токио-2020” олимпын наадам бүрмөсөн цуцлагдаж магадгүйг BBC онцолж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард коронавирусийн халдвар гарахаас өмнө япончууд спортын их наадамд бэлдэж, бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Улс орнууд хилээ хааж, дэлхий даяараа хөл хорионд орсноос хойш олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахаас аргагүйд хүрсэн.
“Киодо” агентлагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал япончуудын 25 хувь нь л цар тахал намжсан тохиолдолд ирэх жил олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Бразил, Энэтхэг, Өмнөд Африк гээд тив бүрд халдварын тоо өдөр өдрөөр нэмэгдсэн энэ үед коронавирусийн эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцин гарсан тохиолдолд л олимпын наадмыг зохион байгуулах боломжтой гэж судлаачид үзэж байна. Японы Кобе их сургуулийн профессор Кентаро Ивата ч ийм бодолтой байгаа аж. “Вакцин гарч, цар тахал намжсан цагт л спортын их наадмыг зохион байгуулна. Гэхдээ энэ бүхэн багадаа нэг жилийн хугацаа авах бололтой” гэж тэрбээр ярьж буй.
Нөгөө талаас, цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл даамжирвал улс орнууд спортын салбарт зарцуулдаг хөрөнгөө танаж болзошгүй. Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн “Токио-2020” олимпыг 2022 он хүртэл дахин нэг жилээр сунгах хувилбар бас бий. Гэвч Токио ийм арга хэмжээ авах эсэх нь эргэлзээтэй. Олон улсын олимпын хорооны гишүүн Дик Паундын үзэж буйгаар, 2021 он бол Токиогийн зуны олимпыг зохион байгуулах сүүлчийн боломжит тов аж. 2022, 2033 он хүртэл хойшлуулна гэдэг тамирчдын хувьд ч, улс орнуудын хувьд ч, наадмыг зохион байгуулагчдын хувьд ч хүнд шийдвэр болно гэж тэрбээр BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүллээ. Наадам хойшлох тусам эдийн засаг, санхүүгийн хувьд өртөг нь нэмэгдэж, зохион байгуулалтын асар олон төвөгтэй нөхцөл үүснэ.
Ташрамд, спортын түүхэнд дэлхийн хэмжээнд дайн дэгдсэн тохиолдолд л олимпын наадмыг цуцалж байсан бөгөөд энэ нь 1940 онд Токиод болох байсан олимп аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.