Коронавирусийн дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд илүү аюултай болохыг мэргэжилтнүүд нарийн ажиглалт судалгаагаар тогтоожээ.
Хорват, Испани, Итали, Финланд, Польш, Герман, Их Британи, Хятадын нийт 6914 өвчтөний түүхийг судлахад халдварын дэгдэлтийн уур амьсгалын “маршрут” тун тодорхой гарч ирсэн байна. Дээрх орнуудад “Ковид-19” ээлж ээлжээр голомтлон тархсан. Харин өвчилсөн хийгээд нас барсан хүний тоо, статистик дүн мэдээг харахад цаг агаар цельсийн нэг хэмээр өсөхөд эндэгдлийн тоо бараг 15 хувиар буурч байж. Гэтэл цар тахлын эхний хэдэн сард буюу Хятадад тохиосон эхний давлагаанаар өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч, эндэгдлийн тоо огт бууралгүй тогтмол өсөлттэй байсан нь цаг агаартай шууд холбоотой гэж Лондоны Эзэн хааны коллежийнхон үзэж байна.
Тус сургуулийнхан Британид бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн дунд ч судалгаа хийсэн аж. Тэгэхэд гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хүндэрсэн болон нас барсан хүний тоо тогтмол буурчээ. Энэ нь тухайн нутаг орны уур амьсгалын онцлогоос гадна хүйтэн сэрүүний үед тасалгааны хэм илүү хуурай байдагтай холбоотой байж мэдэх юм. Тиймээс ч ирэх өвөл дэлхий даяараа илүү сонор сэрэмжтэй байхыг эрдэмтэд анхааруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.