Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 254,000 тохиолдол шинээр бүртгэгдэж 5,000 гаруй хүн нас баржээ.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Халдварын нөхцөл байдлын талаар АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал “Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хаах, хүн олноор цуглардаг газар очихгүй байж, бүх нийтээрээ амны хаалтыг тогтмол зүүн, хүн хоорондын зайг мөрдөж чадвал АНУ коронавирусийн тархалтын мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээн онцолжээ.
АНУ-д өчигдөр 61,700 шинэ тохиолдол, 564 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 4,255,000 гаруй болсноос, 146,500 гаруй хүн эндээд байна.
БРАЗИЛ УЛС
Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт орж байгаа Бразил улсад өчигдөр 23,200 гаруй шинэ тохиолдол, 614 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 2,442,000 болсноос, 1.6 сая хүн эдгэрч, 87,600 гаруй хүн эндээд байна.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 49,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,435,000 гаруй болсон байна.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС
ОХУ-д өнгөрсөн 24 цагт 5,635 шинэ тохиолдол бүртгэгдэж, 85 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад халдвар өссөн дүнгээр 818,000 гаруй болжээ. ОХУ-д дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс хойш хамгийн цөөн халдвар илэрсэн өдөр хэмээн тэмдэглэгдсэн байна.
ЯПОН УЛС
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 598 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 198 нь Канто бүсэд бүртгэгдэн, 131 нь нийслэл Токиод, 137 нь Кансай бүсэд, 102 нь Чибу бүсэд бүртгэгдсэн байна.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
Солонгос улсад өчигдөр 28 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 23 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол дотоодод таван тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд Ирак улсад хөдөлмөр эрхэлдэг тус улсын иргэд эх орондоо буцаж ирж байгаатай холбоотой зөөвөрлөгдөх тохиолдлуудын тоо нэмэгдсээр байна.
Солонгосын далайн боомтод ОХУ-аас ирж буй хөлөг онгоцны ажилчид тэдгээртэй хавьтал болсон иргэдээс халдвар олноор илэрч байгаа.
Ирак улсаас гадна, Бангладеш, Казахстан, Кыргызстан, Пакистан, Узбекистан, Филиппин зэрэг зургаан улсаас ирж байгаа иргэдээ Солонгос улс өндөр эрсдэлтэй гэж үзэж хилээр нэвтрүүлэхдээ заавал халдваргүйг нотлох гэрчилгээ шаардаж буй аж.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БНХАУ-д өчигдөр 68 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 64 нь дотоодын хүн амын дундах халдвар байсан бөгөөд 57 нь буюу дийлэнх нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн байна.
Мөн өдөр Бээжин хотын Шиньфади хүнсний захын голомтоос халдвар авсан хүмүүсээс 14 хүн нэмж эдгэрчээ. Ингээд тус голомтоос халдвар авсан нийт 335 хүнээс 25 нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ХОНКОНГ
Хонг Конгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 145 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 142 нь дотоодын халдвар байв.
Халдварын тархалтыг хумих үүднээс тус бүсэд хоёроос дээш хүн цуглах болон ресторанд хооллохыг бүрэн хориглож, амны хаалтыг гадаад, дотоод орчин тогтмол зүүхийг Лхагва гарагаас эхлэн шаардаж, мөрдүүлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.