Шинээр томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод болон үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдан сургадаг ерөнхий боловсролын тусгай сургуулийн удирдлагын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сургуулийн захирлууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дуулгасан юм. Мөн тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндлөө. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, боловсролын оношлогоо, багшийн сэтгэл ханамж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр гадаад, дотоодын их сургуулиудад багш мэргэжлээр суралцагчдад сургалтын тэтгэлэг олгож, багш нарыг чадавхжуулан, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох тухай ярилцав.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Тусгай сургууль, цэцэрлэгүүдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг загвар орчин, арга зүйн төв болгон хөгжүүлнэ. Мөн сургууль төгсөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгож, их, дээд сургуульд суралцах нөхцөлийг бодитоор ханган элсэлтийг нэмэгдүүлэх чиглэл барина. Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтад энэ чиглэлийн багш мэргэжилтэн орсон. Иймд энэ чиглэлээр гадаадын их, дээд сургуульд тэнцэж суралцах оюутны сургалтын төлбөрийг төр хариуцна” гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн, сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.