Хойд Солонгос улсад “Ковид-19” халдварын анхны сэжигтэй тохиолдол илэрсэн тухай тус улсын мэдээллийн агентлаг KCNA-аас мэдэгдлээ.
Халдвар авсан иргэн гурван жилийн өмнө Өмнөд Солонгос руу дүрвэн суурьшсан бөгөөд долдугаар сарын 19-ны өдөр хилийн тусгаарлах шугамыг хууль бусаар давж нэвтэрсэн тухай мэдээлэв. Цар тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос улсад коронавирусийн халдварын тохиолдол гараагүй хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь боломжгүй зүйл гэж шинжээчид онцолж байгаа юм.
Халдвар авсан байж болзошгүй хүн хилээр нэвтэрсний дараа удирдагч Ким Жон Ун хотын дээд албан тушаалтнуудтай яаралтай уулзалт хийж, Кэсон хотод хөл хорио тогтоосон байна. Мөн вирусийн халдвар авсан хэмээн сэжиглэгдсэн иргэнээс хилийн хатуу чанд хамгаалалттай шугамыг хэрхэн давж гарсныг тодруулахаар байцаалт авч, шийтгэл ногдуулах арга хэмжээ авахыг онцолжээ.
БНАСАУ-ын удирдагчид, ДЭМБ-ын төлөөлөгчид, Пхеньянд суугаа гаднын дипломатчид саяхныг хүртэл коронавирусийн халдвар гараагүй гэж мэдэгдэж байсан. Дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн үед энэ мэдээлэл нэг талаар сонирхол татаж, нөгөө талаар үнэмшимгүй санагдаж байлаа. Анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэхээс өмнө Умард Солонгосын эсрэг ухуулга мэдээлэл тараагчид үй олноороо хүмүүс нь үрэгдэж буй тосгон суурин, нийслэл дэх үймээн, вирусийн халдвар хүрэхээргүй бат бөх хананы цаана нуугдсан удирдагчийн талаарх “нэрээ нууцалсан эх сурвалж”-ийн өгсөн мэдээллийг цацсаар байв.
ЦАР ТАХАЛД БЭЛЭН ҮҮ
БНАСАУ-ын хувьд эрүүл мэндийн үйлчилгээ тийм ч сайнгүй, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, төхөөрөмжөөрөө ч бусдыг хошуучилахааргүй. Тиймээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоохыг чухалчилж байна. Энэ оны хоёрдугаар сарын 29-нд болсон Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны хурлаар Ким Жон Ун халдварт өвчин хил давж орж ирвэл том асуудал үүснэ гэдгийг онцолсон. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгж байгууллагыг муж, хотод бий болгож, иргэдийн шилжих хөдөлгөөнд хяналт тавьж, амны хаалт зүүхийг шаардаж ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Нэгдүгээр сарын 22-нд Умард Солонгос гадаадаас жуулчин хүлээн авахгүйгээ мэдэгдэн хилээ хааж, 28-нд хөл хорионы дэглэм тогтоосон. Хоёрдугаар сарын 13-нд агаарын хилээ хааж, төмөр замын зорчиг тээврийг зогсоожээ. Төдөлгүй хил дамнасан ачаа тээврийн хэмжээг хязгаарласнаар дэлхийн хамгийн хаалттай улс гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан гэхэд болно. Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ким Хен Хун Японы сонинд өгсөн ярилцлагадаа энэ хөл хорио коронавирусийн эсрэг үр дүнтэй эм, урьдчилан сэргийлэх вакцин гартал үргэлжилж магадгүйг онцолжээ. 2003 онд SARS, 2014 онд Эбола, 2015 онд MERS дэгдэхэд Умард Солонгос мөн ийм хатуу хорио тогтоож байв. Түүнээс гадна нийслэл Пхеньянд улаан бурхан дэгдэхэд мөн хөл тогтоож, вакцин хийлгэсэн гэсэн баталгаа бичиг авчирсан хүмүүсийг хот руу нэвтрүүлж байлаа.
Энэ удаад тэд зөвхөн гадаадаас тусгаарлаад зогссонгүй, дотооддоо хорио цээрийн дэглэм сахиж буй. Ёслолын арга хэмжээ, уулзалтуудыг цуцалж, гадаад иргэдийг дипломат төлөөлөгчийн газрын байраас гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд Герман, Франц, Швед, Оросын дипломатч, ажилтныг тусгай үүргийн онгоцоор Владивосток руу хүргэв.
Хоёрдугаар сарын 25-наас амралт зугаалгын цогцолбор газрыг хааж, иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, их сургуулиуд онлайнаар хичээл орж буй. Хөл хорио бүгдэд адилхан үйлчилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16-нд тэмдэглэдэг Гэрэлт одны өдөр, дөрөвдүгээр сарын 15 буюу Нарны өдрийг маш цомхон, бэлгэдлийн чанартай тэмдэглэснээс үүнийг харж болно.
Гэвч энэ бүх арга хэмжээ, хатуу дэглэм, хөл хорио коронавирусийн халдвараас сэргийлж чадсангүй бололтой. Ажиглагчдын онцолж буйгаар тус улсад халдвар хэдийн тархаж, олон хүн нас барсан ч үзэл суртал, улс төрийн зорилгоор үүнийг нуун, БНСУ-аас хууль бусаар хил даван орж ирсэн хүнээс сэжигтэй шинж тэмдэг илэрч буйг онцлон мэдээлж байж ч магадгүй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.