Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын талаарх ээлжит нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: "Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 16 сая 161 мянган хүн өвчилж, 650 мянган хүн нас баржээ. Улмаар есөн сая хүн эдгэрээд байна. Дэлхий дахинд коронавирусийн халдвар дөрөв хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. Сүүлийн 24 цаг 200 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.
Манай улсад сүүлийн 24 цагт гурван хүн ажиглалтад орж 209 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор нийт 2351 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдэд 182 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 38 иргэнийг тусгаарлаж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн эмчлэгдэж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-өөс долдугаар сарын 26-нд нийт 264 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний мөн давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол улсад 288 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 218, эмчлэгдэж буй 70 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 64, хүндэвтэр зургаан иргэн байна.
Франкфурт-УБ чиглэлийн үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирснээс сэжигтэй дөрвөн иргэн, хавьтал гэж үзсэн дөрвөн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан бусад иргэдийг тусгаарлах байруудад хуваариллаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.