Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц долдугаар сарын 21-ний 22:00 цагт Буянт-Ухаад газардаж, 260 иргэн эх орондоо ирсэн билээ.
Тэгвэл тус нислэгээр Японы найман иргэн ирснийг сэжигтэй тохиолдолтой хамт, энгийн зорчигчдоос тусгаарлан авч ирсэн гэх мэдээлэл байна. Мөн онгоцны суудал долоон эгнээ, 42 үе бүхий 294 хүний багтаамжтай байсан. Нэг хүн билетээ цуцалж, бусад суудал дүүрэн ирсэн гэнэ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрийн албаны хүмүүсээс тодруулахад тодорхой хариу өгөөгүй юм. Харин хэвлэлийн төлөөлөгч нь “Дипломатууд ирсэн" гэсэн нь тэд байж магадгүй. Мөн нэг онгоцоор дээд тал нь хэдэн хүн ирэх боломжтойг мэдэхгүй.
Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын газраас тодруулах хэрэгтэй. Бид тэндээс мэдээлэл авдаг” гэсэн юм. Иймд Гадаад харилцааны яамны Консулын газрын албаны мэргэжилтэнтэй холбогдоход “Энэ талаар Улсын онцгой комиссийн шуурхай штабаас тодруулсан нь дээр байх. Би энэ талаар мэдээлэл өгөх эрх мэдэлтэй хүн биш” гэлээ. Ямар ч албан тушаалтантай холбогдоход “Би мэдээлэл өгөх эрх мэдэлтэн биш” гэдэг хариу өгч, өөр газраас лавлахыг санал болгож байлаа. Гаднаас хэдэн хүн ирэх боломжтой, ямар болзол хангаж хэдэн хүн ирсэн нь төрийн нууц биш байлтай.
Токио-Улаанбаатар чиглэлийн дөрөвдүгээр сарын 3-нд үйлдсэн нислэгээр эх орондоо 266 иргэн ирж байжээ. Энэ бол хамгийн олон хүн Японоос авчирсан нислэг юм. Тус нислэгээр гадаадын харьяалалтай дөрвөн иргэн ирсэн тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхойлсон. Үүнд, Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл, Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн. Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы хоёр, Испанийн нэг, Америкийн нэг иргэн ирсэн. АНУ болон Испанийн иргэншилтэй нь монгол аав, ээжтэй, монгол хүүхдүүд.
Мөн монгол иргэнтэй гэрлэсэн Японы хоёр иргэн ирсэн” гэсэн тайлбар хэвлэлд өгчээ. Тэгвэл долдугаар сарын 4-нд ирсэн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зургаан Япон иргэн иржээ. Харин сүүлчийн нислэгээр Японы дипломатууд ирсэн байх магадлалтай байна. Энэ талаар өчигдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам цахим хуудастаа “Эх орондоо буцах хүсэлт гарган, бүртгүүлсэн 1246 иргэнээс 263 иргэн долдугаар сарын 21-ний өдрийн тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ 502 нислэгээр эх орондоо буцав. Энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй 69, жирэмсэн тав, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай найм, богино хугацааны визтэй болон ар гэрийн гачигдалтай 36, санхүүгийн бололцоогүй 36, оюутан 21, дадлагажигч ажилтан 13, ЖАЙКА-гийн сургалтаар ирсэн зургаа, Японы ЭСЯ-ны тав, бусад 35 иргэн тус тус буцав” гэжээ. Токиод суугаа Монголын Элчин сайдын газрын мэдээг ягштал нэмэхэд, яалт ч үгүй 263 иргэн нутагтаа иржээ. Энд ЭСЯ-ны таван хүн ирсэн тухай дурдсан байна. Тэгвэл тус онгоц Монголд газардахад, тусгаарлагдаж ирсэн хүмүүсийн нэрийг зарлажээ.
Ингэхдээ эхлээд гурван монгол хүний нэр, дараа нь гурав, тэгээд дөрөв, сүүлд нэг Япон хүний нэр дууджээ. Дээр дурдсанчлан, элч төлөөлөгчид, түүний гэр бүлийнхэн Монгол Улсад ирэхийг зөвшөөрөх нь дамжиггүй ч, монгол хүнтэй гэр бүл болсон гэх үндэслэлээр гаднынхан ирэх нь тэгш бусийн үндэс юм. Учир нь, тэдгээр гаднын иргэд гэр бүлээрээ төрсөн нутагтаа, байр, байшиндаа амьдарч байна шүү дээ. Харин гаднын нутагт түрээсийн, оюутны байрнаасаа хөөгдөж, ажлын цомхотголд багтаж, нислэгийн зардал бүү хэл өдрийн хоолоо арайхийн аргацааж буй монголчууд олон байна. Энэ мөчид л бид Засгийн газар, УОК-ийн амлалт зорилтыг санах хэрэгтэй. Тэд “Нэн түрүүнд гадаадад гацсан монголчуудаа түргэн, шуурхай авчирна” гэсэн. Тэгэхдээ онгоцны тоо, тусгаарлах байрны хүртээмжээсээ хамаараад тусгай шаардлага хангасан, коронавирусийн шинжилгээ өгсөн иргэдээ авчирч буй билээ. Үүнд, өндөр настан, эмчлүүлэхээр явсан иргэн, түүний асран хамгаалагч, жирэмсэн эх, мөнгө санхүүгийн байдал хүндэрсэн гэх мэт. Энэ олон, амаргүй нөхцлийн энд монгол хүний эхнэр эсвэл нөхөр байх нь тийм хүнд нөхцөл байдал мөн үү.
“Гадаадад гацсан монголчууд” арайхийж шалгуурт тэнцэж, олдсон онгоцноосоо ямар нэг шалтгаанаар хоцорч байгаа тухай хэлсээр буй. Үүнээс шалтгаалан нэг онгоцоор ирэх хүмүүсийн тоо янз бүр. Энэ удааагийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц ирэхэд 260 иргэн ирсэн тухай хэвлэлд мэдээлсэн. Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “416 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд, долдугаар сарын 21-ны Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 260 хүний сорьц...” гэж хэлсэн билээ. Тэгвэл гурван хүн хайччихсан болж таарах вэ. Иргэдийн тоог тоймлож хэлсэн хэрэг үү. Нислэгээр ирсэн хүний тоог зөрүүтэй зарласны алдаа, эсвэл учир юу юм бол.
Түүнчлэн, дээр дурдсанаар Японд гацсан монголчууд “Сүүлийн хоёр чартер нислэг 42 эгнээ долоон суудалтай байсан. Яагаад 263 хүн авч явсныг ойлгохгүй байна. Гуравдугаар сараас хойш өргөдөл илгээсэн. Одоог болтол тусгай үүргийн нислэгт багтаагүй байна” гэдгээ илэрхийлжээ. Үүнд, МИАТ компаниас манай суудал арваас эхэлдэг гэсэн тайлбар өгсөн. Арваас эхэлж 42-оор төгсөх эдгээр суудал бол энгийн зорчигчдынх. Үүнээс гадна онгоцны урд хэсэгт VIP суудал бий. Гэвч иргэд эх орондоо ирэхийн тулд өмнөхөөсөө хоёр дахин өндөр төлбөр төлж ирж байгаа. Тэгвэл VIP суудлаар хэн ирж байгаа бол.
Мөн Японд байгаа нэгэн иргэн “Онгоцонд бүртгүүлээгүй хүмүүс Наритагийн нисэх онгоцны буудлаас шууд сууж байна. Хэтэрхий эмх замбараагүй байна” гэжээ. Энэ талаар тусгай нислэгээр ирсэн иргэн “Долдугаар сарын 4-ний нислэгээр гурван суудал илүү гарсан. Тэгэхэд надад суух боломж олдсон ч, илүү хүнд нөхцөлд байсан хоёр хүнийг явуулсан. Харин миний ирсэн нислэгт нэг хүний суудал хоосон байхыг бүгд харсан. Үүнд би маш их харамсаж байна. Бид нэг суудлын төлөө маш их зүтгэдэг. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар онгоцноос хоцордог. Тэглээ гээд тухай бүрт нь суудал илүү гарах болов уу гээд онгоцны буудал дээр ирэх хэцүү” гэж байлаа.
Одоогийн байдлаар дэлхийн 55 орноос эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн 10614 хүн байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүн хаана ч байхгүй үнэтэй билет худалдан авч, тусгаарлах зочид буудлын мөнгө, идэх хоолны мөнгөө төлж ирж байна. Ийм байхад татан авлаа гэж худлаа ярихаа боль. 7/20-ноос өмнө томчууд болон тэдгээрийн үр хүүхэд, хамаатан, ар өврийн хаалгачид авилгачид бүгд ирээ биз дээ? Одоо нэг их хүмүүсийн нэрсийг ил болгож гэнэ. Энэ янзаар мөнгөгүй хүмүүсийг Монгол Улсын иргэншлээс хасах нь л дээ, төр засаг. Манайх шиг ядарсан цагт иргэдээрээ ийм лаларын бизнес хийдэг төр Африкт ч байхгүй дээ. Танай МАНгар нам ийм лаларын ш дээ, Хүрэлсүх ээ. Одоо тэгээд ингэж доромжиллоо гээд энэ сайт, сэтгэгдлийг хаагаач бяцхан хулгайч дарангуйлагч минь!