Малчин айл бүрийн гадаа “төмөр хүлэг” уяатай харагддаг болсон нь монголчуудын хувьд танил, хэвшмэл дүр зураг болжээ. Саяхан л найр наадам, баяр ёслол гэлтгүй өдөр тутамдаа хөдөөгийн хүн бүр морь унаж явдаг байсан сан. Дэлхийн талыг мориор эзэлсэн хэмээн цээжээ дэлдэх бид дуртай. Гэтэл одоо эх орныг минь харь нутгаас орж ирсэн “төмөр хүлэг” эзлэх болжээ.
Таван хошуу малаа мотоциклиор хариулж, тэр байтугай энэ унааныхаа чанар чансаагаар хоорондоо өрсөлддөг болсонд өвгөд хөгшид харуусаж сууна. Яагаад морь унахгүй байгаа юм бэ хэмээвэл “Мотоцикль үнэ хямд, явдал хөнгөн, шатахуун бага иддэг учир ажил хурдан бүтдэг” хэмээн бахархангуй хариулна. Гэвч малчдын бахархал болсон энэ “төмөр хүлэг”-нээс болж жил бүр 100 гаруй хүн тэнгэрийн орныг зорьж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэхэд 60 хүн хорвоог орхижээ. Үүний 57 нь хөдөө орон нутагт гарсны ихэнх нь хамгаалалтын малгайгүйгээс толгойдоо гэмтэл авч нас баржээ. Эдгээр хохирогчийн дундаж нас нь 37, тав нь хүүхэд гэхээр хэчнээн айлын голомт тасарч, хэдэн хүүхэд өнчирч хоцорсон бол гэдгийг бодохоос ч зүрх шимшэрмээр. Энэ “төмөр хүлэг” бидний ажлыг хөнгөвчилсөн шигээ үхлийг ч бас түргэсгэжээ.
Хаа сайгүй харагдах болсон энэ “хүлэг”-ийн тогтсон стандарт одоог хүртэл манай улсад алга. Сум, суурингийн замд мотоцикль жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөх ёстой гэсэн ганцхан журамтай. Ямар замд унах, хурдны дээд хязгаар нь хэд байх ёстойг тогтоож өгөөгүй. Холбогдох байгууллагуудаас хэзээ мотоциклийн хэрэглээтэй холбоотой стандарт тогтоол журам батлах талаар тодруулахад “Эрх бүхий байгууллагууд энэ тал дээр ажиллаж байгаа” гэх тодорхой бус хариултыг өглөө.
Монголд ОХУ, Энэтхэг, Солонгос, Япон, БНХАУ-аас импортоор мотоцикль орж ирдэг ч ихэнх хувийг БНХАУ-аас оруулж ирдэг. ШӨХТГ, Авто тээврийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль хамтран 2014 онд Монголд мотоцикль оруулж ирдэг байгууллагуудыг шалгахад олон улсын стандартын асфальтан зам дээр явахад тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр манай улсын шороон замын нөхцөлд тохиромжгүй гэсэн үг. Бид дахиад хэдэн жил хэдэн хүнийхээ амийг энэ “төмөр хүлэг”-т өгөх вэ. Тохирсон стандарт хүлээж суусаар байтал “төмөр мориноос” нисч дуусах нь.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө наад унаа чинь гэрийн даруулга болж прус -10, 20р малаа хариулдаг болсон хө....
ugaasaa mori temeegee unaad byhii ajlaa amjyylaad bdog bsan yarlaa yarlaa geed aminaasaa uidaad yah ve mori temeegee unaad ajlaa amjuul aminaas ilyy aj amidral gej ygyi unaad yhsen ch jamaaraa yhsen ch ard chini amidral yrgeljilseer bdag yheh gej yaraagyi l bol mori temeegee unaad aidas hyidesgyi zyngyyryy amidaraad yz...