СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-23

Онлайнаар шатар тоглож, Азийн дэд аварга болсон Ж.Лхагва: Компьютерийн хулганаа буруу дарчихсанаас биш, би ч Азийн аварга л даа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэ сарын 14-21-нд болж өнгөрсөн Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээний ахмад насны төрөлд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва дэд байр эзэлсэн билээ. Бид хэмээн даруухан хүүрнэх Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Ж.Лхагва гэх эрхмийг  “ҮШ”-гийн зочиндоо урилаа. 

Сайхан зусаж байна уу. Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнд дэд байр эзэлсэнд тань баяр хүргэе. Сүүлийн өрөг хүнд байв уу? 

-Баярлалаа. Та бүхэн сайхан зусаж байна уу. Сайхан өрөг болсон. Одоо бодоход компьютерийн хулганаа буруу дарчихсанаас биш, би ч Азийн аварга л даа. Хэрэв тэр өрөг тэнцсэн бол үнэлгээ бодоход би түрүүлэх байсан юм. Хариуцлагагүй тоглолоо гэж өөртөө буруу өгч, харамсаж сууна. 

Хариуцлага алдаагүй л бол Азийн аварга болох байж. Хэдий хугацаанд бэлтгэл хийсэн бэ? 

-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь үзсэн хүн юугаа ч бэлдэх вэ дээ. Насаараа тоглосон болохоор уяан дээр ирээд явдаггүй, өөрийгөө сойдог хүлэг шиг шууд л давхиад орчихдог юм (инээв).  

Таны уугуул нутаг хаана вэ. Багаасаа шатрын спортоор хичээллэв үү? 

-Ах нь 1944 онд Дундговь аймгийн нутаг Зоогийн ус гэдэг газар төрсөн. Одоогийн Өндөршил сумын нутаг. Дөрөвдүгээр анги хүртлээ сумандаа сураад, Чойрын долоон жилийн сургуульд орсон. Тэр үеийн Дорноговь аймгийн Сүмбэр сум долоон жилийн сургуультай байлаа шүү дээ.  Дөрөвдүгээр анги төгсдөг жилээ нутгийн хөгшчүүдийн тоглож байхыг хараад шатар сурч байлаа. Хүссэн бүхэнд нь шатар олддоггүй цаг үе. Зургадугаар ангиа төгсөөд нутагтаа ирсэн жил шиг санагдана. Манай ээжийн үеийн н.Гүрцоо гэдэг хөгшин надад нэг жижигхэн, дөрвөлжин хайрцаг өгсөн юм.

Би эргүүлж тойруулж харж байгаад авч билээ. Сүүлд учрыг нь сонсоход тэр хүний ах нь номтой лам байж. Тэгээд дүүдээ “За, чи миний энэ шатрыг эзэнтэй болго. Зөв хүндээ өгөөрэй” гэсэн юм билээ. Намайг шатар тоглодог, нутгийн хүү гэж бодоод өгсөн байх.  Дээр үеийн лам нар шатар их тоглодог, шагай сайхан харвадаг байсан гэдэг. Хачин их баярлав. Сургуулийн хүүхдэд бол анхны тэмцээн, том урам шүү дээ. 

Таны амьдрал шатрын спорттой салшгүй холбоотой гэж шатарчид ярьдаг. Дасгалжуулагчаар хойд хөршид сурсан гэдэг байх аа? 

-Хүүхэд байхдаа шатар сонирхож байсан ч айхтар хичээллэж, том амжилт гаргаагүй. Энэ мэргэжилдээ тууштай зүтгэж, шатрын спортоор дагнаж ажилласаар байгаад 2004 онд тэтгэвэртээ суулаа даа. Хүн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ л ажиллах ёстой. Энэ бодолдоо эзэн болж Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэх, цаашлаад дэлхийн шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж ирсэн. 

Тухайн үед гадаадын их, дээд сургууль төгссөн хүмүүс ихэвчлэн удирдах албан тушаал хашсан байдаг. Таны хувьд? 

-Төгсөж ирээд тэр үеийн Монголын Биеийн тамирын эвлэлийн төв зөвлөлд шатрын багш, дасгалжуулагчаар ажилд орсон. Удалгүй төв байгууллага маань Биеийн тамир, спортын улсын хороо болж өөрчлөгддөг юм байна. Тэр үед ОУХ-ний мастер, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн маань дасгалжуулагчаар томилогдож, би мэргэжилтэн болж байсан. Хуучнаар бол конторын ажилтан болж байгаа нь тэр.

Улмаар Унгар, Польш, Герман, Румин, Хятад Улсын шатарчдыг оролцууллаа. Дандаа л холбоотны улсууд. Тэр үед манайд олон улсын цолтой гуравхан шатарчин байсан. Тиймээс олон улсын цолтой шатарчин олныг төрүүлэх зорилгоор  бодлогын чанартай наадам зохиогоод байгаа юм шүү дээ.  

Энэ оны босгон дээр та Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан. Төрийн дээд шагналын эзэн болтлоо тив, дэлхийн чансааны олон шавь төрүүлсэн байх? 

-Аль улсад, ямар тэмцээн уралдаан болох, түүнд хэнийг оролцуулах, Монголдоо хэрхэн тэмцээн зохион байгуулах зэрэг бодлогын чанартай ажилласан болохоор зав чөлөөгөөрөө цөөн хэдхэн шавьтай болсон. Одоо нас сүүдэр 50 гарсан багш, дасгалжуулагч эмэгтэй бий. Мөн миний шавь болсноосоо хойш УАШТ-нд таван удаа түрүүлж, ОУХМ болсон Б.Анхчимэг гэж охин бий. Наана нь хэлж буй нь энэ хоёр маань болохоос бусад нь ч ялгаагүй амжилттай яваа. 

Улсад зургаан удаа түрүүлсэн хүнийг үнэмлэхүй аварга гэж болох байх. Таныг УАШТ-д хоёр жил дараалан түрүүлээд, нас 50 дээр гарсныхаа дараа дахин түрүүлсэн гэж сонссон? 

-Шавь нарынхаа амжилтыг ярихаар сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг юм. Харин өөрийнхөө амжилтыг дурсаад, өөрийгөө дөвийлгөөд байх тун чиг дургүй. Олон түмэн надад үнэлгээ өгөх ёстой. За яах вэ, асууж байгаа болохоор хэлье. Анх 1974 онд улсын аварга болсон. Москвад сурч байгаад ирж оролцоод, амжилт дүүрэн буцсан даа.

Амжилтаа бататгах зорилгоор 1976, 1977 оны УАШТ-д оролцож, дараалан түрүүлж байгаа юм. Түүнээс хойш мөнгө, хүрэл медаль хүртэж, заримдаа ч медальгүй үлдэж байлаа. Мөн 1994 онд Биеийн тамирын тэргүүний ажилтан болж, 1996 онд Алтангадас одонгоор шагнуулсан.  

Та дэлхийн шатарчдын олимпиадад оролцож байсан тухайгаа хуучлахгүй юү? 

-Олимпиад гэдэг маань хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатарчдын их наадам юм. Би тоглогчоор долоо, дасгалжуулагчаар гурван удаа дэлхийн олимпиадад оролцсон байдаг. 1968, 1970, 1974, 1980, 1982, 1992 онд оролцохдоо хамгийн ихдээ 60 хувь орчмын амжилт үзүүлж байсан. Тэр дундаа 1970 онд 21 өргөөс 11 хагас хожил авч, чамгүй сайн тоглосон шүү. Тухайн үед ахмад тамирчин Чалхаасүрэн, Төмөрбаатар, Пүрэвжав гуай нараас гадна үе тэнгийн ОУХМ, Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, Т.Үйтүмэн нартай бэлтгэл хийдэг байсан. Эрэмбээрээ энэ хоёрынхоо ард орж гуравдугаар ширээнд сууна.  

Дэлхийд нэрээ данслахаас эхлээд шатрын спортын өгөөж их байх. Таны мэргэжлийн бахархал юу вэ?

- Аль ч мэргэжил ялгаагүй дээ. Жишээлбэл, барилгачид “Би Засгийн газрын ордныг барьсан шүү, энэ миний барьсан барилга” гэж  бахархаж ярьдаг. Одоогоор Монголд олон улсын Их мастер цолтой 12 шатарчин хүүхэд байгаа. Би бүгдтэй нь тоглосон, мөн сургалт, дасгалжуулагчийн ажил хийж байсан болохоор энэ ажлаараа цаг үргэлж бахархдаг. 

Бөхчүүдэд дархан мэх гэж байдаг шиг шатарчин хүнд өөрийн гэсэн гараа, тоглолтын арга барил бий. Та аль төрлийн тоглолттой хүн бэ? 

-Хүн бүр өөрийн сурч, эзэмшснээрээ сэтгэхүйдээ тааруулсан арга барилтай байх. Тэр дундаа шатрын хэлээр бол гамбит нүүх дуртай. Өөрөөр хэлбэл, хүү, бодоо сул өгөөд довтлохыг бодно. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг тоглолтын маань арга барил одоо ч тэр хэвээрээ.  

Та Монголын төдийгүй дэлхийн томчуудтай цөөнгүй өрөг тоглосон. Хамгийн их бодогддог, санаанаас тань гардаггүй өргийг хэнтэй  нүүж байв? 

-Зарим нь толгойд байна, хэсэг нь мартагдаж. Монгол хүнтэй тоглосон өрөг гэвэл 1962 онд аравдугаар ангийн хүүхэд байхдаа УАШТ-нд ирж, хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр үед би Улсын аваргад тогтмол тоглодог, өндөр цолтой хүнийг анх удаа хожсон болохоор тийм сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

ДАШТ-д миний мөнхийн өрсөлдөгч байдаг. Сүүлд 1974 онд Франц Улсын олимпиадад таарч 40 гаруй нүүгээд хожигдсон. Би эхэндээ довтлох маягтай тоглож байгаад сүүлдээ дийлэхээ байсан. Аргагүй надаас илүү харж тоглодог байсан нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд тэр хүн “Та хэрвээ англи гараагаар тоглож байгаа бол миний тоглолтын өргийг үзээрэй. Англи гараа гэдэг маш чухал шүү” хэмээн нөхөрсөг зөвлөгөө өгч байсан. 

Гавьяат дасгалжуулагчийн хувьд шатрын спорт сонирхогчдод зөвлөгөө өгөхгүй юү. Хүүхдийг хэдэн наснаас нь шатрын спортоор хичээллүүлэх нь зөв бэ? 

-Багш, дасгалжуулагчдын өөр, өөрийн арга барил, туршлага гэж бий. Гэвч нэгдсэн нэг системтэй. Эцэг, эхчүүд “Гурван настай хүүхдэд шатар заавал болох уу, хэдэн наснаас нь заасан нь дээр вэ” зэрэг олон зүйл асуудаг. Миний ажигласнаар шатар тоглож сурахад орчин их нөлөөлдөг байх гэж боддог. . Яг шинжлэх ухаанч өнцгөөс яривал анхнаас нь шатрын мэргэжилтэй хүнд шавь болгох нь зөв. Учир нь, буруу сурсан хүүхэд буруугаа мартаж, зөвөө сурах гэж хугацаа алддаг. Дууны ая буруу сурчихаад, солгой дуулаад байдагтай л ижил. Суурь ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй. 

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

-Зорьж ирсэн та бүгдэд баярлалаа. Монголоос маань олон улсын Их мастер олон төрөх болтугай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

shavi
4 жилийн өмнө
103.57.95.199

bagsh maani yag hevendee saihan bnaa bayr hvrgii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.