СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэртээ байхгүйгээ цахимаар зарлах нь хулгайч нарт өгөөш болдог

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Цаг наргүй их ажил, хотын дуу чимээнээс хэсэг ч гэсэн хөндийрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр зуны улиралд иргэд гэрээ эзгүй орхин олон хоногоор аялдаг нь бидний амьдралын тогтсон нэг дадал болжээ. Гэрийн эзэд ийнхүү баяр, наадам, амралт зугаалгад явахаар алс холыг зорьсон энэ өдрүүдэд хэсэг хүн баярлан хөөрч, алгаа ташдаг нь орон байрны хулгайчид юм.

Жил бүрийн зургадугаар сар гарав уу үгүй энэ төрлийн гэмт хэрэг ихэсч байгаа талаар ЦЕГ-аас анхааруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг ч иргэд сонор сэрэмжээ сайжруулахгүй, харин ч тэдэнд улам их боломж олгосоор байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “ Сүүлийн үед орон байрны хулгайчид айлаа сайн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлддэг болсон. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд хулгай хийхдээ олон нийтийн сүлжээг ашигласан  бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Тэд гишүүн тус бүр хийж гүйцэтгэх үүргээ тодорхойлчихсон, нарийн зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлдсэн байсан. Тиймээс иргэд цахим орчинг зөв ашиглаж сурах хэрэгтэй байна. ” гэсэн юм.

Мөн бусдад танилцуулах байдлаар гэр дэх эд зүйлс, алт мөнгөн хэрэглэл, хөөрөг, үнэт эдлэлийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах нь гэмт этгээдүүдэд сэжүүр болдог байна. 

Үүний 88 хувийг хувийн өмчийн хулгай, найман хувийг халаасны хулгай, 1.6 хувийг мал хулгайлах, 2.5 хувийг авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Харин улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 3856 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 1106 гэмт хэргээр буюу 22.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хулгайн гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод, тэр дундаа захын дүүргүүдийн гэр хорооллоор орон байрны хулгайн гэмт хэрэг их үйлдэгддэг байна. Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Нэгдүгээрт иргэд орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахгүй, хаа нэг тийшээ явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш, саахалт айлдаа сайн захиж, эргэж тойрч байх хэрэгтэй. Айлууд хөршийн холбоогоо сайжруулах нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ач холбогдолтой. Хоёрдугаарт, оршин сууж байгаа газартаа аль болох камер байршуулах, дохиоллын системийг бий болгох хэрэгтэй. Таны байр, гэр, гудамжны ойролцоо камер эсвэл дохиоллын систем хангалтгүйгээс орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг.  Гэмт этгээдүүд хүн багатай, дохиололгүй, камержуулалтгүй орчинг сонгодог тул илрүүлэхэд цаг хугацаа их ордог” гэж ярилаа.

Аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулбал хэргийг илрүүлэхэд давуу тал болдог. Гэтэл иргэд орон байраа удаан хугацаагаар, хараа хяналтгүй орхисноос 14-21 хоногийн дараа, зарим тохиолдолд сарын дараа мэддэг байна. Гэтэл энэ үед хэргийн газар дээр очиход, янз бүрийн байдлаар гэмт этгээдүүд ул мөрөө баллах, гутлын улны мөр тоосонд дарагдах, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт устаж үгүй болох зэрэг хүндрэл гардаг байна.  Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн  ихэнх хувийг 14-30 насны залучууд эзэлж байгаа нь тун харамсалтай.

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу 17 дугаар бүлгийн 17.1-д заасны дагуу 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.