Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдэж, 214 иргэн эдгэрээд байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: "АНУ-ын Өвчлөл судлалын үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус улсын 39 мужид халдвар нэмэгдсээр байгаа нь яаран хорио цээрийн дэглэмийг сулруулснаар болсон гэж үзсэн. Харин Вашингтоны их сургуулийн тооцооллоор АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл арваннэгдүгээр сар гэхэд нас баралтыг 5,000-аар бууруулах боломжтой гэжээ.
Манай улсад сүүлийн 24 цагт 23 хүн шинээр ажиглалтад орж, 52 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор тусгаарлах байранд 2958 хүн байгаагаас 1-5 насны хүүхэд 227, жирэмсэн 123, архаг хууч өвчтэй 333 хүн байна. Эдгээр иргэдэд 44 их эмч, 85 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 68 хүнийг тусгаарласан бөгөөд дөрвөн хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 22-нд нийт 426 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд “Сөрөг” гарч коронавирус илрээгүй.
Коронавирусээр өвчлөөд байсан нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. 34 настай, эмэгтэй 15 хоног эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарлаа. Монгол Улсад 287 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 214 хүн эмнэлгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Одоогоор 73 хүн эмчлэгдэж байгаа бол биеийн байдал хүндэвтэр арав, хөнгөн 63 хүн байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.