СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-22

Цагаан талыг цэцэрлэгт хүрээлэн болгосон "ШИДТЭНҮҮД"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Их хотын түгжрэл, дуу чимээ ард үлдэх мөчид замын хоёр талаар хайрга, дайрга хөглөрсөн гандуу хөрс залгана. Хангай газрын энэ хэсэг яагаад говийн сайр мэт байгааг гайхан явах зуур гэнэтхэн ой шугуй угтав. Шувуудын жиргээ, моддын шуугиан Шувуун фабрикийн хойд дэнжийг “амь” оруулна. Голын эргийн бургасанд тулаад ирэв үү гэх бодолд ээрүүлсээр М.Батдорж гуайн хашаанд тулж зогслоо.

“Монголчуудын амьдрал” булангаа бэлтгэхээр хашаагаа ойн төгөл болгосон М.Батдорж, Д.Пүрэвсүрэн гуайнд зочилсон нь энэ. Ногооны тансаг үнэр, хаашаа ч харсан шугам татаад зурчихсан юм шиг модод, алаглан, туяарах нялх ургацан дунд саатаж, дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

2000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ “

Ажил, амьдралын эрхээр 1970 онд их сургуулиа төгсөөд, түүнээс хойш Улаанбаатар хотод суурьшиж, суурин байна. Анх нутгийнхаа чацарганыг суулгаж, цэцэрлэгийнхээ суурийг тавьж байлаа” хэмээн М.Батдорж гуай яриагаа эхлэв. Тэдний Гишгэх зайгүй шахам, дэлгэсэн юм шиг зүлэг, дөнгөж туяарч буй чацаргана, жимсээ дааж ядан бөхөлзөх үхрийн нүд, монос хараа булаам. “Манай хөгшин л бүгдийг гардаж хийнэ шүү дээ. Би бараг тарьсан ногооныхоо нэрийг ч мэдэхгүй шахам даа” хэмээн М.Батдорж гуай гэргий Д.Пүрэвсүрэн рүүгээ толгой дохив. Харин Д.Пүрэвсүрэн эгч “Анх манай зүүн талын айл таван га талбайд мод тарьж, энэ хэсгийн газрыг моджуулсан юм билээ. Бидний таньдаг улс учраас манайхыг энэ хэсэгт бууж, мод тарихыг зөвлөсөн. 2008 онд энд нүүж ирээд, Ховд нутгийнхаа зэрлэг чацарганыг үрслүүлж, нутагшуулахаар болсон. Харин манай өвгөн хамаатныхаа ах руу 1500 ширхэг чацарганы мод захиж, анхны ургацын үрсэлгээ маань баруун хязгаараас ирж байлаа.

Одоо манай хөгшний өнөөх хамаатан өөрийнх нь ургацаас тасалж авсан ургацыг нь ийм сайхан ургуулж байгааг хараад үнэхээр их баярладаг. Манай чацаргана таримал биш, зэрлэг гэдгээрээ онцлог. Байгалийн чацаргана болохоор тос даасан, хүчиллэг, амттай. Чацарганын модыг 2.5 метрийн зайтай, есөн эм модны дунд нэг эрийг тарих ёстой байдаг юм. Тэгэхгүй бол газар хаваад, энд, тэндгүй ургачихдаг юм. Манайх намар болохоор л модныхоо сэржмүүдийг тасаддаг. Харин Би уг нь тошлой ургуулах гээд хашаандаа тарьсан юм. Мод нь ургадаг хэрнээ жимсээ огт өгөхгүй байгаа. Хадтай, сүүдэр газарт ургаж, жимсээ өгдөг юм болов уу гээд гайхаад л байна” хэмээв.

ЦЭЦЭГТ БАЙЦАЙ, ӨРГӨСТ ХЭМХНИЙ “ҮЙЛДВЭРЛЭГЧ”

М.Батдорж гуайнх таван жилийн өмнө хүлэмжтэй болж, өргөст хэмх, цэцэгт байцаа, улаан лооль тарьж эхэлжээ. Хураасан ургацаа “Home plaza” сүлжээ дэлгүүрт нийлүүлдэг аж. Энэ талаар Д.Пүрэвсүрэн эгч “Таван сарын эхээр өргөст хэмх, цэцэгт байцайгаа тарьж эхэлдэг. Харин зургадугаар сарын эхээр эхний ургацаа хурааж авдаг. Тэгэхээр нийлүүлдэг дэлгүүрийнхээ зуны хэрэгцээг хангаад л байдаг юм. Монгол хөрсөнд тарьсан, монгол үрийн ургац болохоор сэтгэл ханамж дүүрэн байдаг. Хүлэмжийнхээ ногоог технологийн дагуу буюу дуслаар усалдаг болохоор арвин ургац өгдөг байх. Ер нь ургац тарихад усалгаа хамгийн чухал. Юу юугүй булгийн хүйтэн усаар услахгүй. Заавал усаа өдрийн наранд халааж байж усална гээд ажиллагаа ихтэй. Бид уг нь улаан лооль тарьдаг байсан юм. Гэтэл өнөөх чинь өргөст хэмхтэй цуг ургадаггүй үндсээ булаацалдаад болдоггүй. Тэгэхээр нь болиод, өргөст хэмхээ л тарьж байгаа. Улаан лооль тарих нэг хүлэмжтэй болдог юм бил үү гэснээ, хоёр хөгшин ажлаа барахгүй байх гээд больчихсон. Манайх зундаа эндээ гарч ирээд, зүлэг ногоогоо "асраад", өвөлдөө орхиод дулаан газар өвөлждөг юм. Биднийг байхгүйд манай цэцэрлэгийг манаж үлддэг нэг залуу бий. Яггүй ажилтай, гэрээ цэвэрлэж байгаа юм шиг л цэцэрлэгээ цэвэрлэнэ. Ногооны зэрлэг зулгааж, усална гээд бүх л ажлыг маань амжуулж байна. Сэтгэл, ус хоёр байхад цэцэрлэг маань үргэлж “амь”-тай байдаг. Сэтгэлээсээ арчилж, хөдөлмөрлөж, зүтгэж бий болгосон зүйлээ хараад зогсож байх шиг амар амгалан гэж хаана ч үгүй. Цэцэрлэгтээ зэрлэг ч байлгахыг хүсдэггүй. Сайхан цэвэрхэн байх юм бол ургахгүй гэх зовлон байхгүй” гэв.

АЧ НАРТАА ЗОРИУЛЖ НОГООНЫ ТАЛБАЙ ГАРГАЖЭЭ

Өвөлжин идэх хүнсний ногоогоо монгол хөрсөнд тарьж, баталгаатай хүнс хэрэглэхийн тулд тэд анх ногоо тарьсан аж. Ургацаа манаж, тордож явсаар тэд намартай золгож, хүүхдүүддээ тараадаг. Харин энэ жил ач нараа ажилд сургах зорилгоор тусад нь ногооны талбай гаргаж өгчээ. Энэ талаар Д.Батдорж гуай “Ач нарыгаа өөрсдийнх нь хүссэн ногоогоо тарихыг зөвшөөрсөн. Одоо тэдний маань ургац гараад эхэлчихсэн байна” хэмээн дэлбээгээ нээсэн саглагар байцайны талбай руу заалаа. Мөн тэрбээр “Ач нар маань ургацаа ургасан байхыг хараад баярлах байх. Хүн хөдөлмөрөө нүдээрээ харж, гараараа барих шиг жаргал гэж байхгүй. Тэгэхээр тэд минь урам авч, дахиад дараа жилийг хүлээж, ажил хийхийн амтанд орох ёстой” гэлээ. Түүнээс “Энэ их хөдөлмөрийг бүтээхийн тулд та шантарч байв уу” гэж асуухад “Манай энэ хэсэгт шороон шуурга их болно. Мөн хотын төв, замын урд хэсгээрээ бороо ороод байгаа хэрнээ манай энд дусахгүй шүү. Үнэн хачирхалтай. Ямар юмандаа шантрах вэ дээ. Орой унтахдаа цэцэрлэг дундуураа алхаж, сэтгэлээ баясгана. Харин шөнө зүүдлэх нь холгүй, өглөө нь яарсаар ямар цэцэг дэлбээлсэн бол, жимснүүд томорч, амттай болсон болов уу гээд л сэрээд, талбай руугаа гардаг. Бүдүүн тоймын би гэдэг хүн ингэж байгаа юм чинь, цэцэрлэгтээ сэтгэл, зүрхээ бүрэн зориулсан эхнэрт маань бүр ч сайхан байдаг нь дамжиггүй” гэлээ.

“САЙХАН ЦЭЦЭГ ХАРЖ СУУХАД СЭТГЭЛ ТЭНИЙДЭГ”

Жил бүр л хашаандаа ургац нэмж, хавь ойрын хүмүүст үрслэгээ тараадаг Д.Пүрэвсүрэн эгч гэрийнхээ хаалганы ойролцоо хоёр ширхэг сарнайн бут суулгажээ. Нүдээ нээж буй хүүхэд шиг дэлбээлж, эздийнхээ ч, эрвээхэйний ч сэтгэлийг баясгана. Д.Пүрэвсүрэн эгч “Сайхан цэцэг харж суухад сэтгэл тэнийдэг юм аа. Хашаандаа байгаа зарим цэцгээ өөрөө тарина, зарим нь өөрсдөө ургана. Нээрээ бид энэ жил алимны мод тарьсан. Дараа жилээс жимсээ өгөөд эхлэх байх даа. Нутагтаа тэр бүр очиж чадахгүй ч нутгийнхаа хөрсөнд ургадаг ургац бүрийг л цэцэрлэгтээ нутагшуулахыг зорьдог. Манай цэцэрлэгийн ургацын тал хувь нь лав Ховдынх байх аа. Гэхдээ бид хэдийгээр тарвасын эх нутаг Ховдынх ч гэлээ хашаандаа тарвас тариагүй, сонин байгаа биз. Хүн болгон л “Ховдынх юм чинь тарвас тарьдаг уу” гэж асуудаг. Ховддоо л очиж идвэл тарвас амттай байдаг болохоор тарих юм сан гэж боддоггүй болоод л тэр. Харин Ховдынхоо чацарганыг хаа сайгүй тараасан даа. Гуйгаад ирсэн болгонд өгөөд, зааж, зөвлөөд явуулдаг” хэмээн яриагаа өндөрлөв. Өргөст хэмхнийхээ шинэ ургацаас бидэнд савлаж өгөөд, болж гүйцсэн үхрийн нүдээ “Атгаад аваарай. Намар дахиад ирээд чацаргана түүгээд аваарай” хэмээсээр хоёр буурай биднийг үдэв. 50 гаруй жил ханилж, дөрвөн ч хүүхдийн аав, ээж болсон тэд өдгөө 70 насыг хэдийн давчихсан ч ануухан гэж жигтэйхэн. Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй гэдэг үгний утга учир энд ч байгаа юм шиг сэтгэл, зүрх гогодсоор тэднийхээс бид буцав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.