Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан нэг сая евро олгож буйг тэмдэглэв.
Н.Энхтайван сайд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын үед Герман Улсаас Монгол Улсад тусламж олгож байгаад талархал илэрхийлээд, энэ сорилтот үед Герман Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг Элчин сайд болон Холбооны Гадаад хэргийн яамнаас хүсэв. Талууд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй систем зэрэг Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн ашиглах хүрээнд Германы дэвшилтэт технологи бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн энэ өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Элчин сайд Траян Христеа Монгол Улсыг Европын Холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалтад оруулсан явдал нь хоёр талын харилцаанд, тэр дундаа хөгжлийн хамтын ажиллагаанд нөлөөлөхгүйг нотлоод, Европын Холбооноос Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгох болсныг хэллээ. Гадаад харилцааны сайд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа дурдаад, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй системийг бүрэн ашиглах хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах санал тавьсныг Элчин сайд судалж үзэхээ илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.