НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Зөвлөлдөх багийнхны “Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг баримтлал” уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтаар коронавирустэй холбоотойгоор Монгол Улсад тулгарсан нийгэм, эдийн засаг, уул уурхай, байгаль орчны сорилт, түүнийг даван туулахад шаардлагатай зорилго, зорилтыг хэлэлцсэн юм. Зөвлөлдөх баг нь нийгмийн олон салбарын хүмүүсээс бүрдсэн бөгөөд эл уулзалтад Швейцарь, БНСУ, БНАСАУ, Бангког, Тайланд, Австрали Улс, Завхан аймаг, “Риотинто” компани, Даян дээрхийн ногоон хөгжлийн сангийн төлөөлөгчид цахимаар оролцлоо.
Энэ уулзалтаар хэлэлцсэн чухал асуудал нь цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад тулгараад буй долоон сорилт юм.
Нэгдүгээрт, монголчууд ядуурлаас үүдэлтэй боловсрол эзэмших, улс төрийн идэвх оролцоотой байх, сонголт хийх, хүйсээр ялгаварлуулахгүй байх, эрүүлмэнд, аюулгүй байдлаа хангуулах эрхээ эдэлж чадахгүй байна.
Хоёрдугаарт, дэд бүтцийн технологийг дангаар нь бус, нэгдсэн байдлаар ашиглаж, нийгмийн давхаргын ялгааг багасгах санаачлага гаргах ёстой.
Гуравдугаарт, эдийн засгаа байгальд ээлтэй, олон төрөлтэй болгох юм.
Харин дөрөвдүгээрт, ирээдүйг урьд чил ан төл өвл өж, засаглалаа сайжруулах,
Тавдугаарт, нүүрсний хэрэглээгээ багасгаж, эрчим хүчний аюулгүй байдлыг бий болгох буюу сэргээгдэх эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
Зургадугаарт, орчин үеийн олон талт санаачлагыг зориглон гаргах, мөн долдугаарт, малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгаж, газрын доройтлоос сэргийлэхийн сацуу мал аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сорилтыг шийдэх нь чухалд тооцогдож байгаа аж.
Корона вирустэй холбоотойгоор үүссэн эдгээр сорилт, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Төрийн албаны зөвлөлийн стратеги төлөвлөлтийн ажилтан Д.Дэмчигсүрэнгээс тодруулахад “Монгол Улсад хэрэгжиж буй хөл хорио бол дэлхийн бусад улсынхаас өвөрмөц. Энэ хөл хорио нь иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан чухал алхам мөн ч нийгэм, эдийн засгийн олон асуудлыг араасаа дагуулсан гэж судлаачид үзэж байна. Тиймээс эрсдэлийг төлөвлөж, даван туулах стратегийг баримтлах хэрэгтэй. Судлаачид, их, дээд сургуулиудын эрдэмтдийн 40 гаруй хувь нь “Ковид19”-ийн дараа шинэ үе эхэлнэ гэдэгтэй санал нийлж байна. Харин 60 гаруй хувь нь өмнө нь дэлхий нийтэд цар тахал, дайн, хямрал тохиолдож байсан, тэр бүрт судлаачид, байгууллагууд томоохон өөрчлөлт гарна гэж урьдчилан таамагладаг зүй тогтолтой гэж үзсэн. Гэхдээ бид тав хоног эсвэл таван сарын дараа байдал ямар байхыг төсөөлж, төлөвлөж, бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг хурлын үеэр ярилаа. Иймд бүх зүйлийг урьдчилан төсөөлж, чадвал төлөвлөж, эрсдэлээс хамгаалах хэрэгтэй” гэсэн юм. Энэ үеэр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичээс зарим зүйлийг тодруууллаа.
Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн харж байна. Цаашид ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
- Засгийн газраас гаргасан шийдвэрүүд гол төлөв нийгмийн эрүүл мэндийг хамгаалж байна. Энэ бол зайлшгүй, чухал шийдвэр мөн. Учир нь, тус шийдвэрийн үр дүнд Монгол дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй бөгөөд халдварын бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан шийдвэр нь бусад салбар болон эдийн засагт олон талын үр дагавартай байлаа. Жишээлбэл, бизнесийн олон салбар хохирол амсаж, зарим нь хаалгаа барилаа. Боловсролын салбарт гэхэд хүүхдүүд сургуульдаа явахгүйгээр гэрээсээ цахимаар хичээллээ. Мөн аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаж, экспорт, импорт буурсан. Үүнээс үүдэлтэйгээр нийгэмд байсан өмнөх асуудлууд улам хурцдаж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ. Үндсэндээ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрүүд эдийн засагт сөрөг нөлөө авчирсан.
Мөн саяхан шинэ Засгийн газар бүрдлээ. Ерөнхий сайд, Шадар сайд хамтран ойрын үед авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гаргаж байгаа. Урьдчилан сэргийлэх зорилготой авсан арга хэмжээний үр дүнг авч үзвэл Засгийн газар эдийн засгийн шийдвэр гаргасан боловч тэр нь системчилсэн бус, тохиолдлын чанартай байсан. Тэдгээр шийдвэр төдийлөн үр дүнтэй биш байгаа тул Засгийн газар цаашдаа хямралын үед ч хэрхэн ажлын байраа хадгалж, эдийн засгаа хөгжүүлсээр байх талаар системтэй шийдвэр гаргана гэж найдаж байна. Удахгүй Засгийн газраас ирэх 4-5 жилийн төлөвлөгөө, цахимаар олгож буй боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах шийдвэр гарах байх.
-Коронавирусийн цар тахлын дараа Монгол Улсын нийгэм, эдийн засагт үүсэх долоон сорилтыг тодорхойлсон. Эдгээр сорилтыг хэрхэн даван туулах вэ?
-Зөвлөлдөх багийн гишүүд цар тахлын өмнөх Монгол Улс үүний дараа ямар байх талаар санаа бодлоо солилцлоо. Энэ үеэр Монгол Улсад тулгамдаад буй долоон сорилтыг тодорхойлж, ямар арга хэмжээ авах вэ, цар тахлын дараах хэв журам ямар байх ёстой вэ гэдэг тал дээр мөн зөвлөлдсөн. Тус долоон сорилтын нэн тэргүүнийх нь ядууралтай холбоотой. Тиймээс сайхан амьдрах эрх чөлөө, боломжоо монголчууд ижил түвшинд эдэлж чадахгүй байна. Дараагийн асуудал нь байгаль орчин болон, нийгмийн бусад салбартай холбоотой. Гэхдээ зөвхөн долоон сорилт байгаа юм биш. Эдгээрийг нь нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй гэж зөвлөлдөх багийн гишүүд үзсэн юм. Тиймээс Монгол Улс цар тахлын өмнөх шигээ байж болохгүй. Өөр замаар явах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.