БНХАУ-ын эрдэмтэд шинж тэмдэг нь хараахан илрээгүй ч ирээдүйд хорт хавдартай болох нь тогтоогдох хүмүүсийн 95 хувийг амжилттай оношилж чаддаг "PanSeer" хэмээх цусны шинжилгээг боловсруулжээ. Энэхүү шинжилгээгээр өвчний шинж тэмдгүүд ил болохоос дөрөв хүртэлх жилийн өмнө хорт хавдрыг илрүүлэх боломжтой аж.
Эрдэмтдийн баг "Nature Communications" сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа "Бид хорт хавдрыг уламжлалт оношилгоогоор илрүүлэхээс дөрөв хүртэлх жилийн өмнө ДНХ-г метилжүүлэх аргад суурилдаг цусны шинжилгээгээр таван төрлийн хорт хавдрыг олж тогтоох боломжтой болохыг харуулсан" гэжээ. Тэдний тэмдэглэснээр энэхүү шинжилгээ нь хорт хавдрыг урьдчилан таамаглах боломжгүй ч хараахан шинж тэмдэг үзүүлээгүй байгаа хавдрын ургалтыг илрүүлэх чадвартай аж.
Судалгааны баг уг шинжилгээний аргыг боловсруулахын тулд 2007-2014 оны хооронд цуглуулсан хятад иргэдийн цусны дээжийг цуглуулжээ. Үүний хүрээнд дор хаяж таван жил дахин хорт хавдар тусаагүй хүмүүсийн 414 дээж, цусны дээж авсны дараах дөрвөн жилийн хугацаанд ходоод, бүдүүн гэдэс, элэг, уушги эсвэл улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн 191 дээжийг ашигласан байна. Эрдэмтэд мөн эдгээр таван хорт хавдрын аль нэгээр нь оношлогдсон 223 өвчтөний дээжийг судалгаандаа хамруулсан юм.
Энэхүү цусны шинжилгээг туршиж үзэхэд аль хэдийн хорт хавдраар оношлогдсон өвчтөнүүдийн 88 хувь, хараахан хорт хавдартай нь тогтоогдоогүй хүмүүсийн 95 хувь, харин огт хорт хавдаргүй иргэдийн 96 хувийг зөв оношилсон байна. Гэвч тус судалгаа нь харьцангуй цөөн тооны дээж дээр үндэслэсэн бөгөөд эдгээр дээжийн хадгалагдсан нөхцөл нь тодорхой бус тул бохирдсон байсан байж магадгүй гэх зарим асуудлыг судалгааны багийнхан хөндсөн юм. Түүнчлэн уг шинжилгээгээр өвчтөний хорт хавдрын төрлийг тодорхойлох боломжгүй гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.