Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрээд байна.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн олон эрдэмтэн судлаачид улс орнууд хүн амынхаа 90 хувийг гар угаах, амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай барих арга барилыг хэвшил болговол томоохон хэмжээний халдвар дэгдэхээс сэргийлж чадаж байна гэж үзжээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн илэрсэн хүмүүст коронавирусийн эсрэг дархлаа сул тогтож хэдхэн хонгийн дараа алга болж байгаа бол харин хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүмүүст дархлаа харьцангуй удаан тогтож байгааг судалгаагаар тогтоожээ.
Шинжаан мужийн Өрөмч хотод халдвар голомтлон гарсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 3.5 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа.
Энэтхэгийн Дели хотын нэлээн олон тооны оршин суугчдыг эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулан судалж тус хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.
Манай улсын хувьд өчигдөр Токио-УБ үүрэгт онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн. Эдгээрээс таван хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж бусад иргэдийг тусгаарлах байруудад хуваариллаа. Ажиглалтад шинээр 333 хүн орж, 80 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 3.395 хүн ажиглалтад байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 21-нд нийтдээ 461 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц "Сөрөг" гарч, коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 383 хүний давтан шинжилгээ, АНУ-аас ирсэн 25 хүний гурав дахь шинжилгээ, идэвхтэй тандалтын шинжилгээ,ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүнд тус тус коронавирус илрээгүй.
Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн 213, эмчлэгдэж буй 74 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 60, хүндэвтэр 14 хүн байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа.
БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлсэн. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан"гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.