Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нь Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан.
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 21-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв.
Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны наймдугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Ингэснээр Э.Оюунболд ирэх жил барилдах бололтой. Харин цолыг нь хураах, түүнд унасан бөхчүүдэд нөхөж Улсын цол олгох анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Ингэснээр Н. Батсуурь даян аварга, Ц.Содномдорж чимэгтэй арслан, Д.Анар заан, Б.Цэдэнсодном харцага, Н.Мустафа өсөх начин болох нь дээ...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.