Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрээд байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 216 оронд нийт 14 сая халдварын тохиолдол илэрч, 613 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 229 мянган шинэ тохиолдол илэрч, 4000 хүн эндсэн мэдээлэлтэй байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад шинэ халдварын тоо 63 мянгаар нэмэгдсэн бол нас баралт 1000 гаруйгаар буурсан байна. Улмаар 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна.
Халдварын тархалт зарим оронд хурдтай буурч байгаа бол зарим оронд аажуу буурч байна. Тухайлбал, Япон, Австрали улсад өвчлөлийн хоёр дахь давлагаа гарсан ч тархалтын хурд эрчим өөр өөр байгаа юм. Тиймээс улс орон бүр халдвараас хамгаалах өөр өөр арга хэмжээг авч ажиллаж байна.
Шуурхай 119 тоот утсанд ирж буй дуудлагын 60 гаруй хувь нь иргэд амны хаалт зүүхгүй, назгайрч байгааг анхаарууллаа. Улс орнууд халдвараас сэргийлэхэд амны хаалт чухал нөлөөтэйг онцолж байна. Австрали улс амны хаалт зүүгээгүй бол даваа гарагаас эхлэн 140 доллароор торгохоор шийдвэрлэжээ.
АНУ, Япон улсаас манай улсын гурван иргэн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн талаар зөвлөгөө авлаа" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 20-нд нийтдээ 520 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц "Сөрөг" гарч, коронавирус илрээгүй. Задалж хэлбэл долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээ, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 74 иргэн байна"гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.