Нийслэл Улаанбаатар хотын захад байрлах 107-р сургуульд сурдаг байхдаа Батболдын Очирваань гэх хүү өглөө болгон 06:00 цагт сургуулийнхаа биеийн тамирын зааланд ирж, хөлбөмбөгийн сургуулилт хийдэг байжээ. Тэрээр хоёр цагийн турш хичээнгүйлэн бэлтгэл хийснийхээ дараа хичээлдээ суудаг байсан байна. Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болж, гадаадад тоглохыг хүсдэг байсан түүний мөрөөдөл бага багаар биелж эхэлжээ.
Хөлбөмбөгөөр хичээллэж эхэлснээсээ хойш хоёр жилийн дараа Очироо хүү нэгэн багт орсон. Энэ бол Батсүмбэрийн Энхжин хэмээх бизнесмений байгуулсан "Баянгол FC" баг. Ингэхдээ тэрээр Микронезод дасгалжуулагч хийх тухай ном бичсэн английн мэргэжилтэн Пол Уотсонтой холбоо тогтоон, түүнээс тусламж хүсжээ.
Шинээр байгуулагдсан "Баянгол FC" баг амжилттай тоглож байв. Сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд, 2015 онд Монголын Премьер лигт дэвшсэн багийн гишүүд баярын оройн хоолонд орох үеэр Очироо таагүй байдалтай байгааг Пол анзаарчээ. Ингээд удалгүй хөлбөмбөгчин хүү Энхжин, Пол хоёрт хэргийн учрыг нээн ярьсан байна.
АНУ-ын нэгэн агент Очироотой фэйсбүүкээр холбогдоод, түүнийг тус улсын томоохон баг болох "Лос Анжелес Галакси" багийн сонгон шалгаруулалтад оруулж өгнө хэмээн амласан болохыг хүү Энхжин, Пол хоёрт хэлсэн байна. Үүний төлөө энэхүү "агент" хүүгээс 6 мянган ам.долларын төлбөр шаардсан байжээ. Хүүгийн гэр бүлийнхэн нь амьдардаг гэрээ барьцаанд тавьж, зээл аваад, шаардлагатай гэсэн төлбөрийг нь илгээсэн боловч мөнгө хүлээж авсан агент нь хариу бичихээ больжээ. Ингээд Очироо залилуулсан гэдгээ ойлгосон байна. Харин түүний гэр бүл амьдрах гэр оронгүй болох аюулд ороод байлаа.
Пол уг хуурамч агенттай холбогдож чадсан бөгөөд өөр нэгэн залуу тоглогч мөнгө илгээх сонирхолтой байгаа нэрээр луйварчнаас АНУ дахь нэгэн хаяг олж авч чадсан ажээ. Тэрээр уг мэдээллийг цагдаа нарт өгсөн ч харамсалтай нь үүний дараа юу ч болоогүй байна. Энэ хэргээс таван жилийн дараа Очироо тэр үед цөхөрсөн байснаа "BBC" агентлагт дэлгэжээ. Тэр "Би надад тусалж чадна гэсэн хэнд ч хамаагүй итгэхийг хүсэж байсан. Тэр бол сэтгэл хөдлөлд суурилсан шийдвэр байсан" гэсэн юм.
Хүүд туслахыг хүссэн Пол хандив цуглуулах аян зохиож, "TalkSport"-ийн "Hawksbee and Jacobs show" нэвтрүүлэгт оролцон, энэ асуудлыг хөндсөний дараа хөлбөмбөгийн ертөнцийн өнцөг булан бүрээс хандив бага багаар цугларсаар, эцэст нь хүүгийн алдсан мөнгөн дүн бүрджээ. Энэ талаар Очироо "Мөнгөө луйвардуулсныхаа дараа би бүх итгэлээ найдвараа алдаад байсан. Гэхдээ хандивын мөнгө хүлээж аваад, тусалсан хүмүүсийн урмын үгийг сонсоход миний итгэл эргэн ирсэн" хэмээн дурсав.
2018 онд Очирваань хүү "UB City FC" клубтэй гэрээ байгуулжээ. Энэ бол шинэ, чинээлэг баг байсан бөгөөд тоглогчдодоо цалин хөлс өгдөг Монголын 5-6 клубүүдийн нэг юм. 2019 онд тэрээр шинэ багийн хамт Монгол Улсын аварга болсон байна.
Очирваань одоо ч гадаадад тоглож, эх орноо төлөөлөхийг мөрөөддөг. Тэрээр "Надад тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлэхийг хүсэж байна. Та бүхнийг сэтгэлээр унагаахгүйн тулд би чадах бүхнээ хийж, эцсээ хүртэл хамгийн сайнаараа хичээх болно" гэсэн юм. Одоо Очироо хүү мэргэжлийн тамирчин, аварга, дахиж хулгайчид ялагдахгүй хөлбөмбөгчин болсныг "BBC" агентлаг онцлов.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.