Одоогоос 51 жилийн өмнө хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьжээ. Тодруулбал, АНУ-ын “Аполло-11” сансрын хөлгийн багийн гишүүд болох Базз Алдрин, Нэйл Армстронг, Майкл Коллинз нар 1969 оны долдугаар сарын 20-нд саран дээр газардсан байна. Тэд саран дээр АНУын төрийн далбааг мандуулан шинжлэх ухааны багаж, хэрэгсэл байрлуулж, 21.5 килограмм хөрсний дээж авчээ. “Аполло 11” хөлөг тус оны долдугаар сарын 16-нд дэлхийгээс хөөрч, үүргээ амжилттай биелүүлсний дараа долдугаар сарын 24-нд буцаж ирсэн юм.
Үүнээс хойш “Аполлон” хөтөлбөрийн хүрээнд 1972 оны арванхоёрдугаар сар хүртэл америкчууд дахин таван удаа манай гарагийн дагуул дээр буусан байна. Сансрын нисгэгчид саран дээр нийт 301 цаг байсан бөгөөд дэлхийд 382 килограмм хөрсний дээж авчирсан гэдэг. Саран дээр хөл тавих анхны оролдлогыг АНУ-ын одон орон судлаач, сансрын нисгэгч Нэйл Алден Армстронг хийж байв. Тэрбээр 1966 онд “Охины орд-8” хэмээх сансрын хөлгөөр сар руу ниссэн нь бүтэлгүйтсэн байна. Энэ нислэгийн үеэр анх удаа хоёр сансрын хөлгийг сансарт залгаж, холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийжээ.
Харин хоёр дахь оролдлого нь 1969 онд амжилттай болсноор Армстронг Конгрессын сансрын гавьяаны медаль хүртсэн бөгөөд сансрын нисгэгч болохоосоо өмнө АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг АНУ төдийгүй дэлхийн сансар судлаачид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Жишээлбэл, 2018 онд "Universal Pictures" компани саран дээр хөл тавьсан анхны сансрын нисгэгч Нил Алден Армстронгийн тухай “First Man” киног бүтээж байв. Түүнчлэн өнгөрсөн жил буюу хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсны 50 жилийн ойгоор “Гүүгл” компани “Аполло 11” хөлгийн программыг зохиосон Маргарет Хамильтонд хүндэтгэл үзүүлэн Мохавын цөлд орших Айвонпа нарны цахилгаан станцын 107 мянган ширхэг толийг ашиглан сарны гэрлээр Хамильтоны аварга том хөргийг бүтээсэн билээ. Гурван ам метр талбай эзэлсэн толинуудыг нарийн тооцоотойгоор байрлуулж, сарны туяаг ойлгосноор ийм бүтээл бий болсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.