Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.
Төлөвлөснөөр өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, долдугаар сарын 26-нд УБ-Франкфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долдугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.