Өнгөрсөн баяр наадмын 9-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1368 дуудлага, мэдээлэл ирснээс Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 679 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд хоёр, орон нутагт 21 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой 15 зам тээврийн ослын улмаас 23 хүний амь нас /үүний 3 хүүхэд/ хохирсон бөгөөд амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл:
- Жолооч- 4
- Зорчигч- 14
- Явган зорчигч- 5 тус тус эзэлж байна.
Хүний амь нас хохирсон дээрх 15 тохиолдлын 10 тохиолдолд нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна.
Ямар тохиолдолд тээврийн хэрэгсэл онхолддог болохыг та бүхэнд товчхон тайлбарлах нь зөв байх: Хоёроос гурван тонн орчим жинтэй автомашиныг 10 хүн нийлээд түлхээд автомашиныг хажуу тал руу нь унагаахад бэрх, гэтэл яагаад олон арван автомашин зорчиж явсан замаасаа гарч 50 метрээс 100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд халтирам байдал болсон байдаг вэ? Үүний гол шалтгаан нь өнөөх л хурд юм. Алхаж яваа хүн бүдэрч унадаггүй, харин гүйж яваа хүн бүдэрч унахдаа амархан гэдэг шиг хурдтай яваа, мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, багаажнаас өөр хэсэгт ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах зэрэг нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах эгшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог.
Тиймээс л жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл, яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаал гэж Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг юм.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүд дуусаж Орон нутгаас Нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ хэрэглэж, шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэн, мөн олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жолооч нар минээ хурдаа бүү хэтрүүлээрэй хоромын дотор л хайртай бүхэнээ орхиод одох нь байна шүү