АНУ-ын "The New York Times" сонин Хонконгийн аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор тус хот дахь зарим ажилтнуудаа БНСУ-ын нийслэл Сөүл рүү нүүлгэх болсноо мэдэгдлээ.
Сонины сурвалжлагчид одоохондоо үлдэх хэдий ч дижитал эвлүүлгийн баг удалгүй шинэ байршил руу нүүж эхлэх аж. Тус агентлагийн албан ёсны мэдэгдэлд уг хууль "Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг алдагдуулан, сэтгүүл зүйн төв болоод байсан Хонконгийн байр суурьт эргэлзээ төрүүлж байна" гэжээ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэвчлэн БНХАУ-д хязгаарлалттай тулгардаг хэдий ч Хонконг дахь агентлагууд хэвлэлийн эрх чөлөөнд санаа зовох хэрэггүй байсан билээ. Гэвч энэхүү шинэ хуулийн хүрээнд гаднын хүчнүүдтэй хуйвалдах, түлхэн унагаах, салан тусгаарлах зэрэг үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэх болсон. Энэ талаар "The New York Times" сонины удирдлагууд "БНХАУ-ын хэрэгжүүлж буй Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэ дүрэм журам нь бидний үйл ажиллагаа болон сэтгүүл зүйд ямар ач холбогдолтой болох талаар их хэмжээний эргэлзээ төрүүлж байна. Бид болзошгүй нөхцөл байдалд зориулан төлөвлөгөө гаргаж, бүс нутгийн эвлүүлэгч нараа төрөлжүүлж эхлэх нь ухаалаг алхам гэж үзэж байна" гэсэн агуулгатай имэйлийг ажилчдадаа илгээжээ.
Хонконгт хэдэн арван жилийн турш оршин тогтнож, томоохон байр суурь эзлээд байгаа уг сонин яг хэдэн ажилтныг Сөүл рүү шилжүүлэхээ тодорхой хэлээгүй ч нийт ажилчдын гуравны нэг орчим нь нүүх гэнэ. Үүнд Хонконгийн цаг үеийг сурвалжилдаг ажилчид орохгүй ба харин Нью-Йорк, Лондон дахь оффисууд ажиллаагүй үед цахим мэдээлэл нийтэлдэг дижитал үйл ажиллагааны баг хамрагдах аж.
"Бид өөрсдийн бизнес, хэвлэлийн төвийг Хонконгт үлдээхээр төлөвлөж байна. Харин цаг хугацаа явцад дижитал эвлүүлгийн төв байрыг Сөүл рүү нүүлгэн шилжүүлэх болно" хэмээн уг сонины Харилцаа, холбооны захирал Ари Исаакман Беваккуа хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.