Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 13 сая 200 гаруй мянган иргэн өвчилж, 574 мянган хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Одоогийн байдлаар 7.6 сая хүн эмнэлэгт эдгэрч эмнэлгээс гарсан бол 4.9 сая хүн хэвтэн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн дахинд 180 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч 3000 гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт АНУ-д 60, Энэтхэгт 28, Бразилд 20 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авчээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ийнхүү дэлхий даяар коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа тул ДЭМБ энэ сарын 13-нд хуралдаж, Ковид-19-ийн халдварын нөхцөл байдлыг судлан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг дөрвөн хэсэгт үнэлсэн байна.
Нэгдүгээр нөхцөл байдалтай буюу өндөр сонор сэрэмжтэй байсан улс орнууд: Эдгээр орнуудын хувьд эхний тохиолдол бүртгэгдэж эхлэнгүүт хурдан хариу арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хүн амыг өндөр дэгдэлтэй цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан. Иймээс цар тахлыг даван гарах боломжтой улс орнуудын хувьд Номхон далайн орнууд орж байгаа юм.
Хоёрдугаар нөхцөл байдал буюу эрүүл мэндийн гол арга хэмжээг баримталж, хүн амын хүчтэй манлайллыг хослуулан ард иргэдтэйгээ хамтран цар тахлыг хяналтандаа авч байгаа орнууд багтаж байгаа юм. Үүнд бол Европын зарим орнууд орж байгаа юм. Олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, алхам алхмаар эдийн засгаа сэргээж байгаа улс орнууд.
Гуравдугаар нөхцөл байдалтай орнууд гэвэл дэгдэлтийн эхний оргил үеийг амжилттай давсан боловч хязгаарлалтаа хэтэрхий эрт сулруулснаас дараагийн шинэ давлагаа гарч тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа улс орнууд байна. Гол төлөв Европын орнууд багтаж байгаа юм.
Дөрөвдүгээр нөхцөл байдалтай байгаа орнууд гэвэл дэгдэлт нь эрчтэй тархаж байгаа улс орнууд: Үүнд АНУ, Өмнөд Ази, Африкийн хэд хэдэн орнууд хамаарч байна. Тухайлбал шинэ өвчлөлийн 50 гаруй тохиолдол эдгээр улс орнуудад бүртгэгдэж байна. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл нийт хүн ам нь хүн хоорондын зай барих, гар угаах, амны хаалт зүүх, ханиалгах зөв дадлыг эзэмшээгүй.
Өвчтэй байх үедээ гэртээ байх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг дагаж мөрдөөгүй байсны улмаас цар тахлыг хянах боломжгүй болж байгаа улс орнууд багтаж байна. Хэрвээ дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол энэ байдал улам дордох ажээ.
Энэ байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол хуучин хэв маягтаа орох боломжгүй гэдгийг анхааруулжээ.
ОХУ-д 6537 шинээр халдвар авч ,104 хүн эндсэн байна. Буриад, Тувад 36-45 хүнээр нэмэгдсэн, Эрхүү хотод шинээр 203 хүн халдвар авсан байна.
Манай улс ажиглалтад шинээр 109 хүн орж, 24 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт 2794 хүн ажиглалтад байна. Үүнд: 1-5 насны 163 хүүхэд, 104 жирэмсэн эмэгтэй, 307 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээрт 43 их эмч, 72 резидент эмч тусламж үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 45 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байгаагаас 12 их эмч, 43 сувилагч, асрагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэрэгт төмөр замын эмнэлгийн 16 эмч мэргэжилтэн одоогоор коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийлгэсэн. Одоогоор вирус илрээгүй байна.
119 дугаар 109 дуудлага ирж эмчилгээ урьдчилсан сэргийлэлтийн талаар зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнээр манай улсын хоёр иргэн Америк, Япон улсаас зөвлөмж авсан.
Иргэд гадуур маскаа зүүхгүй, сонор сэрэмж багасаж байна гэсэн шүүмжлэл ирж байна. Өдрөөс өдөрт160-200 мянган хүн шинээр халдвар авч байгаа тул бид огтхон ч анхаарлаа алдаж болохгүй гэдгийг хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.