Өмнөд Африк улсад коронавирусийн халдварын 276,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4,000 гаруй иргэн нас бараад байна. Тус улсын эрх баригчид халдварын эндэгдэл оны төгсгөл гэхэд 50,000-д хүрч болзошгүй хэмээн урьдчилан таамаглажээ.
Тиймээс хорио цээрийн шинэ дэглэм тогтоож, үүний хүрээнд согтууруулах ундааны худалдаа, хэрэглээг хориглосон байна. Шөнийн цагаар хөл хорио тогтоосон ба иргэд олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүх дүрмийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тус улс жилийн хугацаанд хоёр дахь удаагаа согтууруулах ундааны худалдааг хориглож байгаа бөгөөд энэ шийдвэр нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны ачааллыг хөнгөвчилнө гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч Кирил Рамафоза мэдэгджээ. Ерөнхийлөгчийн үргэлжлүүлэн мэдэгдсэнээр иргэд олон төрлийн үдэшлэг, хүлээн авалт зохион байгуулж, согтууруулах ундаа хэрэглэхдээ хэт бөөгнөрөл үүсгэж, амны хаалт зүүхгүй байгаа нь тархалтыг өсгөж байна гэж үзэв.
Онц байдлын хугацааг наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, оройн 21 цагаас өглөө 4 цаг хүртэл хөл хорио тогтоосныг төрийн тэргүүн зарлалаа.
Өмнөд Африк халдварын тархалтаар тивдээ тэргүүлж байна. Долоо хоногийн эхэнд 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэний тэн хагас нь Гаутенг мужид бүртгэгджээ.
Эрх баригч: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.