Дэлхий даяар коронавируст цар тахлаар 13 сая гаруй иргэн халдварлаж, 7,6 сая хүн эдгэж, 571,000 иргэн нас бараад байна.
Ковид-19 анхлан тархах үед нэг сарын хугацаанд нэг сая, дараа нь 8-10 хоногт нэг сая хүн халдвар авч байсан бол одоо дөрөв хоногийн хугацаанд нэг сая иргэн коронавирусээр халдварлаж байна.
Дэлхийн 216 оронд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 186,000 хүн шинээр халдварлаж, 3,000 гаруй иргэн эндсэн нь халдвар тархаж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Шинээр илэрч байгаа тохиолдлуудын ихэнх нь Америк, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк улсуудад бүртгэгджээ.
АНУ-ын 33 мужид коронавирусийн халдварын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс бусад мужуудаас халдварын эм бэлдмэлийг татаж авч байна. Халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан амны хаалт зүүхийг эрх баригчид ард иргэддээ сэрэмжлүүлж байгаа юм.
Түүнчлэн ОХУ-д өнгөрсөн нэг хоногт 6,600 гаруй иргэн шинээр халдвар авчээ. Эрхүү хотод шинээр 209 хүн халдвар авч нийт тохиолдол 10,000-д хүрлээ. Австрали улсад 279, Японд 409 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол БНСУ-д 62 хүн коронавирусээр халдварлажээ. Харин Хятадад ням гарагт дотоодод шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч гаднаас найман тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.