СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн хэн нь хамгийн хөрөнгөлөг вэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ бие даан бүрдүүлж, УИХ-д тангараг өргүүлээд байгаа билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн бэл бэнчин, хөрөнгө мөнгө нь ямар болохыг уншигчдадаа хүргэе.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбумын хадгаламжтай

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын банк санхүүгийн байгууллагад хадгалуулсан 1.75 тэрбум төгрөгийн хадгаламж 1.69 тэрбум болж буурчээ. Түүнд 284 сая төгрөгөөр үнэлсэн Лексус-570, Харлей дэвидсон мотоцикл, Мерседес бенц-ML320 маркийн автомашинууд бий. Мөн 162 сая төгрөгийн орон сууц, 100 саяын үнэт эдлэл, 1.5 га газар, Илт Хан гэдэг аялал жуулчлалын нэг компанитай.

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 100.4 сая төгрөгийн малтай

Л.Оюун-Эрдэнэ сайд өнгөрсөн онд 233 сая төгрөгийн ашиг орлого олсон. Тэрбээр 244 сая төгрөгийн 1 орон сууц, 28 сая төгрөгийн Тоёота Хайландэр маркийн автомашин, 100.4 мал аж ахуйтай. Л.Оюун-Эрдэнэ сайд 100.6 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд Хүлэг контент ХХК-г 100 хувь, Херо энтертайментын 50 хувийг эзэмшдэг.

Шадар сайд Я.Содбаатар 985 саяар үнэлэгдэх 3 орон сууц, 1 зуслантай

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийнхөө компанидаа авсан хэмээн буруутгагдан ЗТХ-ийн сайдын албан тушаалаасаа огцорч байсан Я.Содбаатар, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайд болон буцан орж ирсэн.

Тэрбээр 985 сая үнэлэгдэх 3 орон сууц, 1 зуслан, 85 саяын үнэ бүхий жийп автомашин, 35 сая төгрөгөөр үнэлэгдэх мал хуй, 21 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 40 сая төгрөгийн авлагатай, банк санхүүгийн байгууллагад 225 сая төгрөгийн зээлтэй. Ти-Эс-Эм ХХК, Мөнх гийх эрхэс ХХК-уудыг 100 хувь эзэмшдэг.

ЭХ-ний сайд Н.Тавинбэх 614 га газартай

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас Эрчим хүчний сайд болон суга дэвшсэн Н.Тавинбэх сайдын гэр бүл өнгөрсөн жил 130 сая төгрөгийн орлого ашигтай ажилласан. Түүнд 235 сая төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц, 423.8 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуй, 614 га газар бий. Н.Тавинбэх сайд бусдаас авах 270 сая төгрөгийн авлага, Разно импекс нэгдэл ХК-ийг 100 хувь эзэмшдэг.

 Л.Цэдэвсүрэн сайд 79 мянган төгрөгийн хадгаламжтай

БСШУСЯ-ны Хууль зүйн хэлтсийн даргаар 2019.02.12-ны өдөр анх томилогдож, улмаар 10-хан сарын дараа БСШУСЯ-ны ТНБД, түүнээс хойш 7 сарын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд болсон хүн бол Л.Цэдэвсүрэн. Л.Цэдэвсүрэн сайдад 110 саяар үнэлэгдэх 1 орон сууц, таван саяар үнэлсэн 2 га газар, 79 мянган төгрөгийн хадгаламж бий. Тэрбээр 2018 онд Боловсролын зээлийн сангаас 2.2 сая төгрөгийн зээл авсан боловч түүнийхээ 220 мянган төгрөгийг л эргүүлэн төлөөд байгаа хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөсөн байв.

Ч.Хүрэлбаатар сайд 550 сая төгрөгийн хадгаламжтай

Сангийн сайдаар улиран томилогдоод байгаа Ч.Хүрэлбаатар сайд 550 сая төгрөгийн хадгаламж, 303 сая төгрөгөөр үнэлсэн 3 орон сууц, 1 зуслантай. Түүнд 2000 мкв газар, 15 сая төгрөгийн үнэт эдлэл бий.

ЗТХ-ийн сайд Л.Халтар 315 сая төгрөгийн авлагатай

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн онд 364 сая төгрөгийн ашиг орлоготой ажилласан. Тэрбээр 853 сая төгрөгөөр үнэлсэн 3 орон сууцтай. 22 сая төгрөгийн үнэ бүхий газар, 98 сая төгрөгийн үнэт эдлэл, 201 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас авах 315 сая төгрөгийн авлага, Аргалант Атар ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

З.Мэндсайхан сайдын орлого ТӨБЗГ-ын дарга болсных нь дараа огцом өсч байжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон орж ирсэн.

З.Мэндсайхан сайд 533 саяар үнэлсэн 3 орон сууц, 2 зуслан, 350 саяар үнэлсэн хурдан удмын адуу, 150 саяар үнэлсэн үнэт эдлэл, 30.6 сая төгрөгийн хадгаламжтай. Тэрбээр Ньюсувагт констракшн ХХК, Магнатай эрс монголиа ХХК, Вүүлховд ХХК-ийн хувьцааг тус тус эзэмшдэг.

Сонирхолтой баримт дурдахад З.Мэндсайхан сайд ЭХЯ-ны ТНБД-аар ажиллаж байх үедээ жилд 24.9 сая, эхнэр нь 21.2 сая төгрөгийн орлоготой байжээ. Гэтэл тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсных нь дараа өөрийнх нь орлого 6.6 дахин өсч 166.9 сая хүрсэн бол эхнэрийнх нь орлого 10.6 дахин өсч 226.3 сая болж өсч байжээ.

Соёлын сайд С.Чулуун 25.5 сая төгрөгийн мал аж ахуйтай

Түүх архелогийн хүрээлэнгийн захирлаас Соёлын сайд болон дэвшсэн С.Чулуун өнгөрсөн онд 73 сая төгрөгийн орлого олж байжээ. Түүнд 250 саяын үнэлгээтэй 1 орон сууц, 25.5 сая төгрөгийн мал аж ахуй, хурдан удмын адуу, 55 сая төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл бий. Мөн 30 саяын үнэтэй газар, 34 саяын хадгаламж, “Судар өргөө” гэх компанитай.

Д.Сарангэрэл сайд өнгөрсөн жил Ланд круйзер-200, BMW машин худалдан авчээ

ЭМ-ийн сайдаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсон Д.Сарангэрэл хатагтайн гэр бүл өнгөрсөн онд 430 орчим сая төгрөгийн ашиг орлоготой ажиллажээ. Тэрбээр 677 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 2 үйлчилгээний барилгатай. 489 сая төгрөгийн хадгаламж, Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

Д.Сарангэрэл сайдын гэр бүл өнгөрсөн онд Ланд круйзер-200, BMW 320i маркийн автомашин худалдан авсан.

Т.Мөнхсайхан сайдын орлого нэг жилийн дотор 7.9 тэрбум төгрөгөөр буурчээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдоод байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдээс хамгийн бийлэгжүү нь Т.Мөнхсайхан бөгөөд тэрбээр 4.4 тэрбумын үнэ бүхий 3 орон сууц, 245 сая төгрөгийн хадгаламжтай, Тэнгэрийн шонхор ХХК-ийг 100 хувь, Хүчит шонхор ХХК-ийн 16 хувийг эзэмшдэг.

Т.Мөнхсайхан сайд 2018 онд 7.9 тэрбум төгрөгийн орлого олсон үнэмлэхүй амжилттай байсан бол 2019 онд 14.4 сая төгрөгийн орлого олсон байдаг юм.

 А.Ариунзаяа сайд 540 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяаг У.Хүрэлсүх өөрийнхөө Засгийн газарт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар урьж ажиллуулахаар болсон. А.Ариунзаяа сайд 540 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 61.5 сая төгрөгийн үнэлгээтэй 1 мотоцикл, 1 суудлын тэрэгтэй. 82 сая төгрөгийн үнэт эдлэл, 26 сая төгрөгийн газартай. Хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй аж.

 Г.Ёндон сайд “Жеомайн консалтинг” ХХК-аа мартчихсан уу

“Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Г.Ёндон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоод байгаа. Тэрбээр “Монголросцветмет” ХХК-иас өнгөрсөн онд 204 сая төгрөгийн цалин авсан бөгөөд 460 сая төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцтай. 30 саяын үнэт эдлэл, 152 сая төгрөгийн хадгаламжтай.

Г.Ёндон сайд 2009 онд М.Мөнгөнхүү, Ч.Отгонсод нартай хамтран “Жеомайн консалтинг” гэх компанийг үүсгэн байгуулж, одоог хүртэл хувьцааг эзэмшдэг атлаа тухайн компаниа ХОМ-тээ огт мэдүүлдэггүй юм байна.

 Н.Энхтайван сайд 585 сая төгрөгийн зээлтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван Гадаад харилцааны сайдаар томилогдоод байгаа. Н.Энхтайван сайдын хувьд өнгөрсөн жил 380 сая төгрөгийн орлого олсон бөгөөд 1.9 тэрбумаар үнэлэгдэх 1 орон сууц, 3 үл хөдлөх хөрөнгөтэй. Түүнд 35 сая төгрөгийн үнэт эдлэл, 201 сая төгрөгийн үнэ хүрэх газар бий. Дансандаа 75 сая төгрөгийн хадгаламжтай, банк санхүүгийн байгууллагаас авсан 585 сая төгрөгийн зээлтэй. “Эн Глори” ХХК-г 100 хувь эзэмшдэг.

 Х.Нямбаатар сайдын орлого огцом буурчээ

Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсон Х.Нямбаатар 650 саяар үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслантай. 182 сая төгрөгөөр худалдан авсан Ланд круйзер-200 автомашин, 189 сая төгрөгийн үнэ хүрэх мал аж ахуйтай. Тэрбээр 100 саяын үнэ хүрэх газар, 12.8 сая төгрөгийн хадгаламжтай.

Х.Нямбаатар 2018 онд 442 сая төгрөгийн ашиг орлоготой ажилласан бол өнгөрсөн жил ашиг орлого нь огцом буурч 26.5 сая болжээ. Тэрбээр “Бестдрилинг” ХХК, “Старкатеринг” ХХК, “Хамаг Монгол грүпп” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг.  

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.162

сайд нар төсвийн мөнгөнд өлөнтөөд байхааргүй бэл бэнчинтэй хүмүүс байна ашгүй ашгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.