УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн НПГ-аас буруутган яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа.
Д.Дамба-Очир нарт ямар үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан дэлгэлээ.
Уг мэдээлэлд:
... Д.Дамба-Очир нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлсэн.
Улмаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, сайд Б.Батзоригийг “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийсэн.
Мөн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.