СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхгэрэл: Гадаадад байгаа монголчууд онгоц, тусгаарлах байраа олсон ч УОК зөвшөөрөхгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн улмаас олон мянган иргэн хилийн чанадад “түгжигдээд” буй. УОК-оос тусгай үүргийн онгоц хөөргөн, нэн тэргүүнд эх орондоо ирэх шаардлагатай
иргэдийг авчирч буй ч энэ нь хангалтгүй байгаа юм. Иймээс гадаадад буй монголчууд эх орондоо ирэхийн тулд онгоц, тусгаарлах байр зэргээ олсон ч УОК хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

Бид энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл, Хөтөлбөр хөгжлийн хорооны дарга Б.Энхгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр мөн Энэтхэг Улс руу ажлаар явж, хил хааснаар тэнд 60 гаруй хоног амьдарсан байна. Мөн ирээд 35 гаруй хоног тусгаарлагджээ.

-Танай байгууллага хэдэн улсад байгаа монголчуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манайх дэлхийн 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг монголчуудын 150 орчим төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага.

-Монголдоо ирэхгүй бол болохгүй хүнд нөхцөл байдалд орсон хэчнээн хүн танайд хандсан бэ?

-. Мөн гадаадад ажил хийдэг, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт шалтгаантай хүмүүс эх орондоо ирэх шаардлагатай байгаагаа бидэнд уламжилсан. Гадаадад байгаа монголчууд маань хоорондоо нэгдэн, зохион байгуулалтад ороод ажиллаж байна. БНСУ-д л гэхэд тусгай үүргийн онгоцоор ирэх таван шаардлагыг хангаж байгаа 400 гаруй хүн бий. Шаардлагад нийцсэн 1000 гаруй хүний мэдээллийг бид цуглуулаад байна. Дээрх хүмүүсийн олонх нь тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй. Энэ тоо нэмэгдэж байгаа.

. Иймээс ажил хийж ч чадахгүй байна. Ирэх хүсэлт гаргаад байгаа хүмүүс гадаадад урт хугацаагаар амьдардаг, тогтсон ажил, орон байртай хүмүүс биш. Эмчилгээ хийлгэж, сурах гэж, түр хугацаагаар ажил хийх гэж очсон хүмүүс байна. Манай улс гуравдугаар сараас хилээ хаасан. Тэгэхээр энэ хүмүүс байгаа газраа гацаж, санхүүгийн бэрхшээл маш их гарч байна. Зарим хүн эх орондоо ирсэн ч гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж чадалгүй, нас барсан харамсалтай үйл явдал ч боллоо. Польшид мөн тэтгэлэг нь зогссоноос болж нэг залуу амиа хорлосон гэсэн.

Африкт нэг эмэгтэй ганцаараа гацчихаад байна. Зүүн Өмнөд Азийн бүс нутаг буюу Малайз, Сингапур, Вьетнам, Тайланд зэрэг оронд байгаа хүмүүс хоорондоо холбогдож, Малайзын нисэх онгоцны компаниас онгоц авахаар болсон. Хэрвээ УОК онгоц хүрэлцэхгүй гэж байгаа бол бид өөрсдөө хямдхан онгоц олох боломжтой байна. Үүнийг УОК хүлээж авахгүй байгаа. Онгоцны компаниудын нислэг зогссон учраас аль ч компани хүсэлтийг нааштай хүлээж авч байгаа. Мөн иргэд хэдэн хоногоор ч хамаагүй тусгаарлагдахад, түүнд шаардлагатай мөнгөө гаргахад бэлэн байгаа.

Европын бүсэд байгаа хүмүүс ч нислэгийн компанитай ярьсан. Эдгээр компанийн санал болгож байгаа нислэгийн үнэ манай Засгийн газрын үнээс хямд тусаж байгаа. Мөн тусгаарлах байрыг 2-3 ангилмаар байна. Арай боломжтой нь үнэтэйд нь, тэгээд дундаж, хямдхан гэх мэт байдлаар зохицуулах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөө байхгүй, тэгсэн атлаа бүх зүйл нь нууцлалын зэрэгтэй. Юу болоод байгаа нь, цаашид энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй байна. Түрүүчээсээ хүмүүс коронавирусийн халдвар авч, нас барж байна.

ХАМГИЙН БАГАДАА 4-4.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, ЭХ ОРОНДОО ИРЖ БАЙНА

-УОК ямар хариу өгдөг вэ?

-Гадаадад байгаа монголчууд Засгийн газар, УОК-т төрөл бүрийн аргаар хүсэлт тавьж байна. Гэхдээ гадаадаас онгоц хүлээж авахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн тусгаарлах байр, эмч хүрэлцэхгүй байна гэдэг. Түүнчлэн тэд ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байна. Гуравдугаар сараас хойш хилээ хаасан хэрнээ энэ хугацаанд үлдсэн 10 мянга гаруй иргэнээ хэрхэн авах төлөвлөгөө байхгүй. Гал унтраах маягтай, хэсэгчилж нислэг үйлддэг. Нэг хүн хамгийн багадаа 4-4.5 сая төгрөг зарцуулж эх орондоо ирж байна. Үүнд, онгоцны хоёр талын тийзний мөнгө, тусгаарлах байрны нэг сая гаруй төгрөг, онгоцны буудлаас тусгаарлах байр хүргэх унааны зардал орно.

БНСУ-д иргэд Консулын газрын гадаа байрлаж, жагсаал хийж байгаа. АНУ-д, Унгарт байгаа монголчууд ЭСЯ-тайгаа холбогдож, удаа дараа хүсэлт тавиад байна. Ер нь иргэд байгаа газраасаа дуу хоолойгоо хүргэж байгаа. Зарим нь олон улсын байгууллагад хандаад эхэлсэн. Гадаадад байгаа монголчууд хуулийн багтай болсон. Энд хүний эрх зөрчигдөж байна. Тиймээс хуулийн дагуу төр засагтаа хандахаар бэлдээд явж байгаа.

-Танайд гадаадад гацсан хэдэн иргэн байгаа талаарх судалгаа байгаа юу?

-Албан бусаар гадаадад буй 12 мянга гаруй иргэн ирэх хүсэлтэй байгаа.

-Коронавирусийн улмаас амиа алдсан, эсвэл халдвар авсан хүний тухай мэдээлэл бий юү?

-Бий. Хоёр хүн нас барсан.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД БАГТАХЫН ТУЛД МӨНГӨ ТӨЛЖ БАЙГАА ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН

-Танай байгууллагын зүгээс иргэдийг эх оронд нь авчрахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

-“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” хил хааснаас хойш дуугарч эхэлсэн. Бид удаа дараа УОК-т төлөвлөгөө гаргаач, аливаа зүйлсээ баттай болгооч гэдэг хүсэлт гаргаж байгаа. Мөн гадаадад байгаа монголчуудад зориулан хандивын аян өрнүүллээ. Нэг хүн 10 мянган төгрөг гээд тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан. Үүнийг үнэхээр хүнд нөхцөлд байгаа, асуудал тулгарсан хүмүүст олгоод эхэлсэн.

-Тусгай үүргийн онгоцоор нисэх хүмүүст багтахын тулд мөнгө төлж байгаа талаарх мэдээлэл танайд ирсэн үү?

-Хэд хэдэн хүн ингэж хандсан. Гэхдээ нотлох баримт байхгүй байгаа учраас бид дэлгэж чадахгүй байна. Бид УОК-т шаардлага хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, УОК төлөвлөгөө гаргаач ээ. Байхгүй гэвэл гадаадад байгаа иргэдэд гаргасан шийдэл байна. Мөн Монголд буудлын хүрэлцээ байхгүй гэдэг. Гэтэл Зочид буудлын холбоотой холбогдохоор буудал байна. Ирэх гэж байгаа хүмүүс маань буудлаа хүртэл олоод ирж болж байна. Хоёрдугаарт, УОК-т иргэний байгууллагаас төлөөлөл оруулж, шилэн байлгах хэрэгтэй байна. Энэ хүмүүс бодит байдлыг ярина шүү дээ. Гадаадад нислэг ирэх зөвшөөрлийг олгооч гэж хүсье. Мөн зардлыг бага байхад анхаараач.

-Та Энэтхэг Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн гэсэн. Энэтхэгт нөхцөл байдал ямар байсан бэ?

-Би хувийн ажлаар богино хугацаагаар Энэтхэг явсан. Миний хувьд харьцангуй гайгүй нөхцөлд байсан. Гэтэл тэнд монголчууд ази хүн гэдгээрээ гадуурхагдаж, хоол хүнсээ авах боломжгүй болж байсан.

Би зургадугаар сарын дундуур Монголд ирсэн. Онгоц Делигээс ниснэ гэсэн. Жишээ нь, би Энэтхэгийн хамгийн урд талын хотод байсан. Тэгэхээр Дели рүү ирэх гэж хот хооронд явна, дээрээс нь энэ хугацаанд халдвар авах эрсдэлтэй болж байгаа юм. Энэтхэг дэх монголчууд маш сайн зохион байгуулалтад орсон. Мөн Энэтхэгийн ЭСЯ тусгай үүргийн нислэгт багтаж байгаа хүмүүсийн нэрийг хуудсан дээрээ нээлттэй тавьсан. Гэтэл бусад газраас ирж байгаа хүмүүсийн нэрсийг яагаад ил тавьж болохгүй байгаа юм бэ. Энэ мэдээлэл шилэн байх ёстой. Миний хувьд хотын төвд буудалд байрласан учраас нөхцөл байдал дажгүй байсан.

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.