Эрүүл мэндийн яамны /2020-07-10/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 227 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 12 сая 368 мянган хүн өвчилж, 556 мянган хүн нас баржээ. Улмаар 7.1 сая хүн эдгэрч, 4.6 сая хүн эмчлүүлж байна. Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 212 мянган хүн шинээр өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг сараас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Чита мужуудад 36-54 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр нийт 262 иргэн ирснээс ХӨСҮТ-д дөрөв, Цэргийн төв эмнэлэгт таван хүнийг тусгаарлаж бусад иргэдийг зочид буудлуудад тусгаарлалаа.
Манай улсын хувьд өчигдөр шинээр 341 хүн ажиглалтад орж, 286 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3,050 хүн ажиглалтад байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 55 хүн байгаагаас зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаар 146 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Казахстан улсаа хочр иргэн холбогдож эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл авлаа" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 09-нд нийтдээ 328 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн 197, эмчлэгдэж буй 30 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 27, хүнд гурван хүн байна. ХӨСҮТ-д 67 иргэн эмчилгээ,тандалт судалгаа, ажиглалтад байна.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор өчигдөр нийтдээ 262 иргэн эх орондоо ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлаад байна. Хүүхдүүд дутуу буюу 7 сартайдаа хугацаанаасаа өмнө мэндэллээ. Нярай ихрүүд 1.4 кг жинтэй төрсөн"гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.