СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2020-07-10

Монгол түмэн минь сайхан наадаарай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлгэрхэн Монголд минь дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний баяр наадам маргааш орон даяар эхэлнэ. Албан ёсны нээлт 11-нд болдог ч ард түмний наадам жил бүрийн долдугаар сарын 10-наас шүдлэн, хязаалан насны хурдан морьдын уралдаантай зэрэгцээд эхэлдэг дээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор .

Үүний дээр УИХ-ын ээлжит сонгууль элдэв хэрүүл маргаангүй, эв эетэй болж өнгөрлөө. Энэ ч үүднээс өнгөрсөн хэдхэн хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болж, үүрэг авсан бүхэн ажилдаа ханцуй шамлан орцгоож байх шиг байна. Онцолбол, Монгол төрийн жолоо болсон яамдыг түүхэндээ бараг анх удаа тухайн салбартаа мэргэшсэн, мэргэжлийн шижигнэсэн залуусаар удирдуулахаар болсон нь монголчуудад таалагдсан томилгоо болох шиг боллоо. Өмнө нь ихэвчлэн тухайн намдаа олон жил зүтгэгсэд, намынхаа санхүүжилтэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулагсад, эрх мэдэлтнүүдэд яамдыг шагнал, амралт мэтээр хуваан өгч, сайд, төрийн нарийн бичгийн даргаар томилдог байсан нь энэ удаад лав эцэс болов.

Одоо сайдуудын ард түмний зүрх, тархинд мэдлэг, чадал, чансаагаа хэрхэн “зурж”, үнэлэгдэж, тоогдох нь удирдах ухаан, мэдлэг чадвар, багийн ажиллагаанаас нь шалтгаална. Ямар ч байсан төрийн удирдлагууд шинэ залууст итгэл хүлээлгэн Монголын ирээдүйг даатгаж, салбар бүрт шинэ салхи сэвэлзүүлж чадлаа. Нөгөөтэйгүүр залуу сайдууд төр, түмний итгэлийг хүлээсэн шиг хүлээж, хариуцсан салбарынхаа дутуу, гуцууг зөв оношилж, “эмчилж”, бодлого шиг бодлого хэрэгжүүлж чадвал дараа дараагийн залууст төр итгэл хүлээлгэх замыг засаж буй хэрэг. Эсрэгээрээ өмнөх нэр бүхий сайдууд шиг төрийн албыг төрлийнх болгож, тендер, санхүүжилтийг нь хувьдаа завших гэх мэт буруу замаар будаа тээвэл бусыднхаа төдийгүй дүү нарынхаа боломжийг хааж, улсын хөгжил, иргэдийн ирээдүйг шороотой хутгана гэдгийг ялангуяа баяр наадмын энэ өдрүүдээр сануулах нь зүйн хэрэг ээ.

Түүнчлэн гаднын орнуудад хөл хорионд ороод байгаа иргэдээ татан авчрах арга хэмжээ үргэлжилсээр байгааг дурдах хэрэгтэй. Дэлхийн 200 гаруй оронд тархаад байгаа коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, гаднаас халдвартай ирсэн иргэдээ эмчлэн эдгээсээр байгаа тун цөөн орны нэгд Монгол Улс багтаж байгаа нь баярын энэ өдрүүдэд онцлон сайшаах ёстой бодлого, зүтгэлийн нэг мөнөөс мөн билээ. 

Биднийг наадмын маргаашаас коронавирусээс улбаатай эдийн засгийн хямрал, төсвийн алдагдал, импорт, экспортын хүндрэл бэрхшээл, уул уурхайн зогсолт, нийт ард олны амьжиргааны чадамж доошлох, жижиг, дунд гэлтгүй бизнесийн салбарын уналт, гаднын улсуудад төлөх өр, зээл гээд түмэн асуудал, олон зовлон угтах ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хоршил, тэдний танхимаа бүрдүүлж буй байдал, сонгогдсон гишүүдийн “цус сэлбэлт”, төрийн яамдын шинэ сайд нарын томилгоо зэрэг оновчтой шийдвэрүүд нь ард түмэнд наадмаа сэтгэл түвшин, ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэх шалтгаан болж байгаа гэлтэй.

Наадамчин олон энэ жил наадмын гурав хоногийг өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өмнөх жилүүдийнх шиг арав, түүнээс ч олон болгож, сунжруулж чадахгүй ч, өөр өөрсдийнхөөрөө өргөн дэлгэр тэмдэглэх нь дамжиггүй. Дэлхийн эв нэгдлийн олимп хүртэл хойшлоод байхад манай монголчууд онлайнаар ч болтугай наадмын нээлтээ үзэж, үзэгчгүй бөхөөс уран мэх хэрхэн гарахыг зурагтаар харж, дагуул машингүй морьд барианы зурхай өөд нисэн тэмүүлэхийг үзэж догдлох нь ээ. Үүнийхээ дараа мэдээж хэн бүхэн нутаг усаа тэмүүлж, ээж аавдаа очиж, хамаатан садантайгаа уулзаж, шавайгаа ханатал тарвалзахаар хөдөө тийш хүлгийн жолоо залцгаана.

Агь таанын үнэрт аргал хорголынхоо утаанд шимийн юм халаалган шимж, хот газрын сонин, хол ойрын хов, сонгууль, шинэ сайдууд, дараагийн томилгоо, коронагийн тухай гээд наадмаасаа дутахгүй өргөн дэлгэр ярьж яваад ирэх нь тодорхой. Ийн наадах түмэн олон минь өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн сануулга болох гарын болоод бусад ариун цэврээ сайтар сахих, амны хаалт зүүх тэргүүтэй сэрэмжлүүлэг, анхааруулгуудаа л сайтар сахиад ирвэл эрт үеэс улбаатай монгол түмний баяр наадмаа хэрхэн тэмдэглэх нь өөрсдийнх нь мэдлийн хэрэг билээ. Дээр нь .

Давсан бөхийн эр бярдаа аархсан аархал, оносон сумны цөс цалгиулсан уухай, түрүүлсэн морьдын халуун хөлсийг монгол түмэн ганцхан энэ удаад л онлайнаар үзэж, сонсож, огшиг ээ. Түүнээс бусдад нь дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж, дэлхийгээ хүссэнээрээ гоёж, хотол олноороо хамтдаа бужигнаж, халуун хуушуурандаа дугаарлаж, халтайж, шороо, шавхай болсон ч түрүү морины тоосондоо даруулж, мэхийн ураар түмнээ баярлуулсан түрүү бөхөө дэргэдээс нь үзэж, энх тунх баярлан цэнгэг ээ. 

Хүчит бөхчүүд нь гарьд магнай, шандаст хүлгүүд нь тод магнай, мэргэн харваачид нь цэц магнай, төрийн сүлдээ цэнгүүлж, түмэн олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

Б.Март

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mongol
4 жилийн өмнө
139.5.216.183

Үзэж болохгүй юм чинь гэрээ хотойтол наадаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.