СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-09

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын тоо 12 саяыг давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Дэлхийн хэмжээнд нийтдээ 12 сая гаруй коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс 545 мянга гаруй хүн эндээд байна. Бүртгэгдсэн халдварын тоогоор дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, Энэтхэг улсууд тэргүүлж байна.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Өчигдөр АНУ-д 50,300 гаруй шинэ тохиолдол, 932 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,982,000 гаруй болж, 131 мянга гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Харин Жон Хопкинсын их сургуулийн тооцооллоор тус улсад бүртгэгдсэн халдварын тоо аль хэдийн гурван саяыг давсан гэсэн байна.

АНУ-д зургаадугаар сарын 10-ны өдөр батлагдсан тохиолдол 2 саяд хүрч байсан бол ердөө сарын хугацаанд дахин нэг саяар нэмэгдлээ.

БРАЗИЛ УЛС

Бразил улсад өчигдөр 44,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1223 хүн нас барлаа. Ингэснээр Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар өссөн дүнгээр 1,713,000 гаруй болж, 68 мянга орчим хүн эндээд байна. Халдвар авсан хүмүүсээс 1 сая гаруй нь эдгэрсэн бол 624 мянган хүн идэвхтэй халдвартай байгаа гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 22,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 742,400-д хүрсэн байна.

ОХУ БОЛОН КАЗАХСТАН

Европын бүсийн ОХУ-д өчигдөр 6,562 тохиолдол нэмж бүртгэгдэв. Ингээд ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тоо 700,000-ыг даваад байна.

Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,376 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт бүртгэгдээгүй. Нийт халдварын тохиолдол 51,000 гаруйд хүрлээ.

ФИЛИППИН

Номхон далайн баруун бүсийн Филиппин улсад өчигдөр 2,539 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдвар анх дэгдсэнээс хойш тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Филиппин улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол өссөн дүнгээр 50,000 гаруйд хүрлээ. Нийт тохиолдлын 1/5 нь ердөө тавхан өдрийн дотор илэрчээ. Үүнээс болж Филиппин улс хөл хориогоо дахин чангатгах талаар яригдаж байна.

ЯПОН УЛС

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 207 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 75 нь Токио хотод бүртгэгдсэн байна.

АВСТРАЛИ УЛС

Австралийн холбооны улсад сүүлийн 24 цагийн дотор 147 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 134 нь Виктория мужид бүртгэгдсэн байна.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

Өчигдөр Солонгос улсад шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурч, 43 бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 28 нь дотоодын халдвар бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгджээ. Мөн өдөр тус улсад нас баралтын тохиолдол хоёроор нэмэгдлээ. Солонгос улсад сүмийн үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол буурахгүй байгаа учир Баасан гарагаас эхлэн бүх сүмд залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн сүмд очиж байгаа бүх иргэнийг QR кодоор бүртгэхээр болсон байна.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

БНХАУ-д өчигдөр дотоодод шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин есөн тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш 335 тохиолдлоос өчигдөр 32 нь эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн тохиолдол 60 болсон байна.

ХОНКОНГ 

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болон Хонг Конгт өчигдөр 24 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 19 нь хүн амын дундах халдвар бол 5 нь гаднаас зөөвөрлөгджээ. Хонг Конгт нийт 1,724 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас долоон хүн эндээд байгаа юм

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.