Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан гол гурван шийдвэрийг Монгол улсын Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Монгол улсын Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:
-Нийслэл Улаанбаатар 1000 орчим км авто замтай үүний 65 гаруй хувь нь борооны ус зайлуулах шугамтай байдаг бол үлдсэн 35 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах шугамыг шинээр бий болгон засварлах, тооцоо судалгаа хийх даалгаврыг НЗД-ын үүрэг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарт үүрэг болгон өглөө.
Ховд аймгийн Цэцэг суманд Тарваган тахал гарсантай холбоотойгоор хэсэгчлэн хөл хорио тогтоосон. Үүнийг үргэлжлүүлэхийг Ховд аймгийн засаг даргад үүрэг болголоо.
Гадаад улсад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Долдугаар сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу 3,000 орчим иргэнээ татан авч байна. Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж байна.
Гуравдугаар сард 5600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн бол гурван сарын хугацаанд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 9884 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн байна. Тусгаарлах байрны хүчин чадал улсын хэмжээнд 2600 орчим иргэнийг нэг сарын турш тусгаарлах хүчин чадалтай.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдал долдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилж байгаатай холбогдуулж, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар нээж, 10,000 ажлын байрыг сэргээж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.