АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Словени улсад төрсөн билээ. Түүний мэндэлсэн хотын ойролцоо хөшөөг нь босгосон байсан ч үл таних этгээдүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд галдан шатаажээ.
Нэгдсэн улсын тусгаар тогтнолын баярын өдөр шатаасан тухай уг хөшөөг барьж босгосон Америкийн уран бүтээлч Брэд Дауни мэдэгдсэн байна. Хөшөөг шатаасны маргааш суурин дээрээс нь авч буулгасан бөгөөд цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж байгаа гэжээ.
Меланиаг АНУ-ын тэргүүн хатагтай болсныг тэмдэглэн, түүний нөхөр Ерөнхийлөгч Дональд Трампыг тангараг өргөх үед өмсөж байсан тэнгэрийн хөх өнгийн даашинзтайгаар дүрслэн, модоор сийлсэн хөшөөг 2019 оны долдугаар сард Севника хотын захад босгосон юм. Гэвч зарим иргэд хөшөөний харагдах байдал бяцхан хөх смөрфүүдтэй адил харагдаж байна хэмээн шүүмжилсээр ирсэн билээ.
Уран бүтээлч Дауни чухам ямар шалтгаанаар хөшөөг галдан шатааж, үгүй хийснийг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Хатагтай Трамп Словени улсад төрж өссөн бөгөөд 1990-ээд онд АНУ-д цагаачлан ирсэн түүхтэй. Тэргүүн хатагтай болсноос хойш түүний төрсөн газар Севника аялал жуулчлалын төв болоод байжээ. Энд Меланиаг илэрхийлсэн эд зүйлс, хоол хүнс тренд болсон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.