СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-08

Энхийг сахиулагч нар коронавирусийн халдвар авсныг албаныхан нууцалж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан 50 гаруй энхийг сахиулагч коронавирусийн халдвар авсан бололтой

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 120 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж буй. .

Гэтэл коронавирусийн улмаас тэдний ирэх хугацаа хойшилсоор гурав дахь сартайгаа золгоод байна. Учир нь, БНХАУ агаарын хилээрээ АНУ-ын цэргийн онгоцыг нэвтрүүлэхгүй гэснээс энэ бүхэн үүдэлтэй. Хятадууд өмнө нь буюу коронавирус гараагүй байх үед ч ийм хариу өгөх тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан аж. Гэхдээ ийм удаан хугацаагаар агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж “гүрийсэн” удаа түүхэнд байгаагүй гэнэ. Үүний улмаас аж. Улмаар монгол цэргүүд тэнд байсан АНУ-ын цэргүүдээс коронавирусийн халдвар авсан байна.

50 ГАРУЙ ЦЭРГИЙН КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

Энэ 50 хүнийг майханд тусгаарласан гэнэ. Түүнчлэн зургадугаар сарын 27-ны орчимд энхийг сахиулагч нар коронавирусийн халдвар авсан нь тодорхой болмогц үүнийг нууцлах үүднээс тэдний гар утсыг хурааж, мэдээлэл тархахаас сэргийлэн ажиллаж байгаа аж.

ЗХЖШ-ААС ЦЭРГҮҮД ХАЛДВАР АВСНЫГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА

Батлан хамгаалах яамнаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ болон олон улсын цэргийн ажиллагаанд 1300 гаруй цэргийн алба хаагч дэлхийн зургаан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээр алба хаагч УОК, ЭМЯ, БХЯ, ЗХЖШ болон ажиллагаа удирдаж байгаа НҮБ, нэгдсэн штабаас өгсөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааврын дагуу үйл ажиллагаа явуулж буй.

Ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явах бүрэлдэхүүн цаанаас тавьсан шаардлагын дагуу эх орондоо 14 хоног тусгаарлагдана. Харин буцаж ирж байгаа бол ирэхээсээ өмнө тусгаарлагдаж, халдвараас сэргийлэх арга хэмжээ авсны дараа эх орондоо ирнэ. Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн бүрэлдэхүүн үүргээ хүлээлгэн өгөөд, эх орондоо ирэх нислэгээ хүлээж байна. Нислэгийн хуваарь хараахан гараагүй. Цэргийн үйл ажиллагааны ээлж хүлээлцэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Афганистанд байгаа энхийг сахиулагч нар шинжилгээ өгсөн, тусгаарлалтад байгаа. Эх орондоо ирэх нислэгээ хүлээж байна. Шинжилгээний хариу гараагүй учраас хэдэн хүн халдвар авсан гэх мэдээлэл байхгүй.

Бид энхийг сахиулагчдыг “Ар гэрийнхэнтэйгээ битгий холбогд, харилцаа холбоо битгий тогтоо” гэсэн чиглэл өгөөгүй. Үүрэг гүйцэтгэж байгаа газар Улаанбаатар хот шиг байнгын интернэттэй, харилцаа холбоотой байх боломжгүй. Тиймээс ар гэрийнхэнтэйгээ холбогдохгүй байж магадгүй. ЗХЖШ өөрсдийн шугамаар байнга холбоотой байж, өдөр тутмын мэдээллээ авч, удирдамж, чиглэл өгч байгаа. Тусгаарлалтын хугацаа дуусаж, нислэгийн тов тодорхой болсны дараа тэд эх орондоо ирнэ. Дамжин нисэх газруудаас зөвшөөрөл авч байж тов тодорхой болно. Коронавирусийн халдвар авсан мэдээллийг нуун дарагдуулах боломжгүй. Хэрэв шаардлагатай гэвэл, алба хаагч нарын ар гэрийнхэн манайхаас мэдээлэл авч болно” хэмээх тайлбарыг өглөө.  

“КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАРТ ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ БАЙНА”

Харин энхийг сахиулагчдын ар гэрийнхэн “Халдвар авсан хүний тоо нэмэгдсэн байх магадлалтай. Учир нь, бид холбоо тогтоож чадахгүй байна. БХЯ болон ЗХШБаас дээрх мэдээллийг гадагш алдагдуулахгүй байх үүрэг өгсөн. Иймээс ил болгосон хүмүүсийг хайж байгаа” гэв. Бид тус улсад коронавирусийн халдвар авсан энхийг сахиулагчийн ар гэрийнхэнтэй холбогдож, юу болсон талаар ярилцлаа. Тэрбээр нэр болон хэн гэдэг алба хаагчтай холбоотой зэрэг мэдээллийг нууцлах нөхцөлтэйгөөр дараах яриаг өгсөн юм.

- Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа таны ойр дотнын хүн коронавирусийн халдвар авсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай дүү дөрөвдүгээр сарын 8-нд ирнэ гэж хэлээд үүрэг гүйцэтгэхээр явсан. Гэтэл коронавирусийн улмаас хугацаа нь хойшилсоор өнөөг хүрч, эцэстээ өөрөө халдвар авчихаад байна. Зургадугаар сарын 13-нд уг нь наашаа нисэхээр болж, дамжин өнгөрөх бааз дээрээ очсон боловч ирж чадаагүй. Дамжин өнгөрөх бааз дээрээ байхдаа халдвар авчихсан. Өөрөө бидэнтэй интернэтээр холбогдож, халдвар авсан тухайгаа 10 гаруй хоногийн өмнө хэлсэн юм. Ингэж бид энэ талаар мэдлээ. Гэвч бидэнтэй холбогдсоны дараагаас мэдээлэл задруулсан гээд утсыг нь хураагаад авчихсан гэсэн. Тодорхой нарийн зүйл ярих боломж гарахгүй байгаа. Нөхцөл байдал их хүнд байгаа юм билээ.

Дөрөв хоногийн өмнө ярихдаа “Халдвар авсан хүний тоо 40 орчим байна. Өнөөдөр бараг 10-аад хүн нэмэгдэж, 50 гарчих шиг боллоо” гэж хэлсэн. Бид энэ талаарх мэдээллийг сонсоод маш их сандарсан. Тэгээд асууя, тодруулъя гэхээр цэргийн нууц болохоор болдоггүй. Мөн дүүдээ асуудал үүсгэчих вий гэж айгаад дуугарч, хөдөлж ч чадахгүй байна.

-Биеийн байдал нь ямар байна гэсэн бэ?

-Ямар нэгэн зовуурь байхгүй гэсэн.

-Ямар эмчилгээ хийж байгаа талаар хэлсэн үү?

-Эмчилгээ огт хийхгүй байгаа юм билээ. 50 орчим хүнийг майханд тусгаарлаж, дарга нар нь зугтаад уулзахгүй байгаа гэнэ лээ.

-Хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Өчигдөр (уржигдар) холбогдсон. Харин хэвлэлээр энэ талаар мэдээлэл гарснаас хойш дахин холбогдож чадаагүй.

ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАР СОНГУУЛИЙН ЗОЛИОС БОЛОВ УУ

ЗХЖБ болон энхийг сахиулагч нарын ар гэрийнхний мэдээлэл зөрүүтэй байна. Гэхдээ алба хаагчдын ар гэрийнхэн тэднийг халдвар авсныг ийнхүү нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн цэрэг эрсээ гаргуунд гаргажээ. Мөн өөрсдийнхөө алдаа, дутагдлыг нуухын тулд цэргийн нууц нэрээр энэ талаарх мэдээллийг чанд нууцалж, задруулсан алба хаагчдын мөрийг мөшгиж эхэлсэн нь Монгол Улсын төр засаг цар тахлын үед энхийг сахиулагч нартаа, иргэддээ хэрхэн хандаж байгааг харуулж буй юм.

Эрх баригчид сонгуулиа үймээн шуугиангүйхэн хийх гэж хэт улайран, энхийг сахиулагчдыгаа халдварын голомтод байсаар байтал үл тоон, тэднийг золионд гаргажээ. Учир нь, энхийг сахиулагч нар халдвар авсан нь тэднийг хугацаанд нь эх оронд нь авчраагүйгээс үүдэлтэй. Хэрэв хугацаа алдалгүй, яаралтай, өөр улсын онгоц судлаад ч хамаагүй цэрэг эрсээ эх орондоо авчирсан бол өнөөдөр олон аавын хүүгийн амь дээсэн дөрөөн дээр тулахгүй байх байлаа. БНХАУ агаарын хилээрээ АНУ-ын цэргийн онгоцыг нэвтрүүлдэггүй юмаа гэхэд өөр бусад Орос, Чех гэх мэт улсыг судалж, цэргүүдээ авчирч болох байсан. Энэ сарын 4-нд Афганистан Улсад үүрэг гүйцэтгэхээр монгол цэргүүд тус улсыг зорьсон юм.

Ингэхэд БНХАУ мөн л агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байсан ч Чехийн онгоцоор манай энхийг сахиулагч нар нисэж, ямар нэгэн асуудал үүсээгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх боломж, гарц, гаргалгаа Монголын Засгийн газар, эрх баригч нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад байсан гэсэн үг. Харин тэд сэтгэлгүйдээ цэрэг эрсийнхээ амийг эрсдэлд оруулаад байна. Энхийг сахиулагч нар, тэдний ар гэрийнхэн нь “Үүрэг гүйцэтгэх үед амь эрсэдвэл гомдолгүй” гэж гарын үсэг зурдаг. Дайн байлдааны үед монгол цэрэг амиа алдаж байвал “Яах аргагүй юм даа” гээд өнгөрч болно. Гэтэл үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусчихаад байхад эх оронд нь авчрах талаар арга хэмжээ аваагүйгээс үүдэж олон эрсийн амь хохирвол үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 

Халдвар авчихаад байхад нь хүртэл “Үгүй” хэмээн зөрүүдлээд байгаа Монголын зэвсэгт хүчний удирдлага хариуцлага хүлээх үү. Монгол цэргүүд халдвар аваад, үүнийг БХЯ, ЗХЖШ нууж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Мөн эрсдэлтэй бүс нутгаас цэргүүдээ хугацаанд нь татаж аваагүй нь тэдний буруу. Хэдэн цэрэг коронавирусийн халдвар аваад байгаа нь цэргийн нууц байх учиргүй юм.

МИАТ ТАТГАЛЗАЖ, “ХҮННҮ ЭЙР”-ИЙГ НИСГЭХЭЭР ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Мөн эх сурвалжийн мэдээллээр саяхнаас албаныхан энхийг сахиулагч нарыг авчрахаар МИАТын онгоцыг хөөргөх санал тавьсан гэнэ. Гэвч тус компани “Эрсдэл өндөртэй” гээд татгалзжээ. Үүний дараа “Хүннү эйр” компанид хүсэлт гаргасан бөгөөд тэд жижиг онгоцтой учраас хоёр удаа нислэг үйлдэхээс өөр аргагүй болжээ. Энэ талаарх мэдээллийг манай талаас “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагааны удирдлагад хүргэсэн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй аж.

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
106.181.140.174

Авч ирэх баагаа

Зочин
4 жилийн өмнө
103.229.123.119

Миат яахаараа дургүйцдэг юм өнөө муу хэлдэг мак ийн хүннү эйр нисэхнүү новшийн хүрэлсүх сда үхэж далд ороосой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.