Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаясгалан: “Үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдана.
Харин хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно.
УОК-оос хүн олноор цуглуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэдийг цуглуулахгүйгээр теле хэлбэрээр баяр наадмаа нийтэд хүргэх хэлбэрийг сонгосон.
Долдугаар 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд оролцох хүмүүст УОК, ЭМЯ зэрэг зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ. Харин наадмын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх ямар нэг үйлчилгээ тухайн талбай дээр зохион байгуулагдахгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
Олон нийтийн сүлжээгээр энэ жилийн наадмыг “үзэгчгүй” гэцгээж байгаа. Харин ч энэ жилийн наадмыг илүү олон хүн зайнаас үзнэ гэж бодож байна. Дэлхийд ганц байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байгаа. Цар тахал бидэнд нэг талдаа хүндрэл болж байгаа ч үүнийг Монгол наадмаараа дамжуулж давуу тал болгохыг зорьж байна” гэв.
"Наадмын төсвөөс өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн"
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: “Үндэсний их баяр наадам нь өөрөө Баяр, наадмын тухай хуулийн дор хэрэгжүүлдэг арга хэмжээ. 2020 оны Төсвийн тухай хуульд баяр наадмыг зохион байгуулах зардлыг 3 тэрбум байхаар хуульчлан баталсан. Харин өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөгдөөд зарим санхүүжилт гараад явж байна.
Энэ жилийн онцлог нь цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн зардал, газар нутгийн ариутгалд тодорхой хэмжээнд зардал гарч буй. Үндэсний их баяр наадмын байр шагналууд ч хуулийн дагуу батлагдсан төсвөөрөө зардал нь гарна” гэв.
"Хурдан морины уралдааны үеэр хотоос гарах хөдөлгөөнийг хаана"
13 дугаар зуун аялал жуулчлалын цогцолборт зөвхөн үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд оролцох хүмүүс, зохион байгуулагчид очно. Тиймээс өөр ямар нэг үзэгч, сонирхогч заавал очно гээд хэл ам хийх шаардлагагүй.
Мөн Хүй долоон худагт ч ямар нэг уяач өөрийн асарыг барих шаардлага гарахгүй. Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Наадмыг зохион байгуулахад цагийн хуваарийг маш хатуу барина" гэж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан онцолсон юм.
"Жил бүр наадмын нээлтийг 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг"
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог.
Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1,200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал.
Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс 3 дахин илүү чанартай түвшинд хүлээж авна.
Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.