УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа
-Дэлхий нийтээр халдварт өвчнөөс улбаалж эдийн засгийн хүнд нөхцөлд орж эхэллээ. Манай улс энэ хямралаас яаж гарах вэ?
-Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, төсвийн хүнд суртлаа багасгах нь чухал. Жижиг дунд бизнесийн төлөөлөлтэй уулзахад зээлийн хүү өндөр байна, татварын дарамт их байна, хүнд суртал хэцүү байна л гэж ярьдаг. Яг энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллах юм бол манай хувийн хэвшлийнхэн ажлын байраа хадгалж үлдэнэ. Эдийн засгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулаад явна.
-Төсөвт тодотгол хийх шаардлага бий юу?
-Мэдээж хэрэг. Өмнө нь ч би хэлж байсан. Наймдугаар сард чуулган хуралдаж, энэ асуудлыг ярилцана.
-Төсөв тодотгох нөхцөл үүсчихээд байхад наадмын 3 тэрбум гэх мэт үргэлгэн зардал их байна. Ажлын байраа яаж нэмэгдүүлэх вэ?
-Ажлын байр нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй одоо байгаа ажлын байраа хадгалж үлдэх нь нэн чухал. Жижиг дунд бизнесүүдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж үлдэнэ шүү дээ.
-Ирэх 4 жилд эдийн засаг ямархуу байх бол?
-Мөнгөний бодлогоо зөв явуулах, хөрөнгө орулалтын нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү их татах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүнд.
-Зээлийн хүүг бууруулах талаар энэ онд багтаж тодорхой шийдвэр гаргаж чадах болов уу?
-Өдрийн зээл гэж нэг аймшигтай зүйл бий. Энэ зээлийг хууль бус болгох шаардлагатай гэж би хувьдаа үзэж байгаа. Банкны салбарын өөрчлөлтийг тийм хурдан хийх боломжгүй л дээ. Гэхдээ хурдан л хийх хэрэгтэй. Монгол банкны тоон мэдээллийг харж байхад эх үүсвэр нь хангалттай байгаа. Шинэ зээл гаргах чиглэлээр банкууд хойшоо сууж байгаа дүр төрх ажиглагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.