УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа
-Сайд нарын томилгоо дээр та ямар байр суурьтай байна?
-Ер нь бүхэлдээ салбартаа олон жил ажилласан, хугацаа алдаад байхааргүй сайд нар томилогдож байна. Гол анхаарч ажиллах салбар бол хууль, барилга, газрын асуудал гэж би үзэж байгаа. УИХ 2018 онд Бүртгэлийн багц хуулийг баталсан.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Burtgel.mn сайт дээр газрын мэдээллийг ил тод болгоно гэсэн боловч одоо болтол хэрэгжихгүй байна. Гэтэл манай улсад газрын наймаа, авлигалжилт газар авсан. Зарим газрын албаныхан хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр 80 орчим газар авчихсан. Түүнийгээ зардаг байх жишээний. Үүнийг ил тод, нээлттэй болгох замаар шийдэх ёстой. Тиймээс батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд анхаараасай.
Мөн газар ба орон сууцны бүртгэлийг салангид явуулсантай холбоотой асуудал байна. 580 мянга орчим орон сууц өмчлөгчдийн барилгын дор байдаг газар өөрсдийнх нь эзэмшил биш. Үүнээс үүдэн асар их маргаан гардаг. Энэ асуудлыг шийдэж газрын багц шинэчлэл хийхээс ажлаа эхлээсэй гэдэг хүсэлт тавилаа.
-Та өөрөө ямар асуудалд анхаарч ажиллах вэ?
-Манай улсад эрхзүйн 3 дахь хувьсгалыг хийх ёстой гэж би үздэг. Ялангуяа эдийн засгийн эрхзүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Үндсэндээ 1990 оноос чөлөөт эдийн засагтай гэсэн боловч өмчийн асуудал, ялангуяа төрийн өмч бүртгэлгүй болж ирсэн.
АТГ-аас мэдээлэл хийхдээ 11 их наядын авлигын хохирол учирсан гэж байна. Үүний 10 их наяд нь төрийн өмчийн компаниуд дээр байна. 120 төрийн өмчийн компани дээр ийм их авлига нуугдаж байна гэсэн үг. Тиймээс төрийн өмчийн багц шинэчлэл хийж, төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.