Эрүүл мэндийн яамнаас /2020-07-08/ ээлжит мэдээллээ хийлээ
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 11 сая 926 мянган хүн өвчилж, 545 мянган хүн нас баржээ. Улмаар 6.8 сая хүн эдгэрч, таван сая хүн эмчлүүлж байна. Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 138 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан. АНУ-д 46.000, Бразилд 45.000, Энэтхэгт 24.000 шинэ тохиолдол нэмэгджээ.
Дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч оргил үедээ ирээгүй байгааг ДЭМБ-аас мэдээлж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатайг онцоллоо.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6,368 хүн шинээр халдвар авч, 198 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Чита мужуудад 34-73 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тувад өвчлөл үл ялиг буурч байна.
Манай улсын хувьд өчигдөр шинээр 215 хүн ажиглалтад орж, 52 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,995 хүн ажиглалтад байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хүнд байна. Эдгээр иргэдэд 14 их эмч, 42 дагалдан эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 07-нд нийтдээ 370 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн 20-22 насны хоёр эмэгтэйд вирус илэрч эмчилгээнд орлоо.
Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ. 24 настай эмэгтэй 50 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн 195, эмчлэгдэж буй 32 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 31, хүнд нэг хүн байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.