Дэлхий даяар коронавирусийн халдвар тархсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хурцаар шүүмжлэн буруутгаж, БНХАУ-ын талд ажиллалаа хэмээн зэмлэсэн юм. Улмаар ДЭМБ хариуцлагатай ажиллаж чадаагүй тул тус байгууллагын санхүүжилтыг зогсоож, гишүүнчлэлээс гарахаа өнгөрсөн тавдугаар сард анхааруулсан билээ.
Хэдийгээр тус байгууллагын төсвийг бүрдүүлдэг, гишүүнчлэлтэй бусад улс орнууд, Европын холбоо Ерөнхийлөгч Трампыг шийдвэрээ эргэн харахыг уриалсаар байсан боловч ирэх жилд буюу 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс АНУ ДЭМБ дахь санхүүжилтээ албан ёсоор зогсоож НҮБ-ын бусад агентлагуудад уг хөрөнгийг зарцуулахаа мэдэгджээ.
Ардчилсан намын сенатч Роберт Менендез Трампын уг шийдвэр америкчуудыг өвчин халдварт нэрвэгдсэн чигээр нь үлдээж, Америкийг ганцуурдуулах үйлдэл хэмээн зэмлэв. НҮБ-ын өндөр дээд албаны төлөөлөгчид уг шийдвэрийг батлан мэдэгдсэн байна.
Харин Вашингтоны төлөөлөгчийн хэлснээр удаа дараа ДЭМБ-д үйл ажиллагаагаа шинэчлэх хүсэлт тавьсан боловч татгалзсан учраас дээрх алхмыг хийсэн гэжээ. Энэ жилийн 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Трампын эсрэг өрсөлдөх Жо Байден “Ерөнхийлөгч болсон эхний өдөр ДЭМБ-д эргэн нэгдэж холбоо харилцаагаа сэргээнэ” гэсэн амлалтыг өгчээ.
Америк нь ДЭМБ-ын бие даасан хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд нийт төсвийн 15 хувь буюу 400 сая ам.долларыг бүрдүүлдэг юм.
1948 онд Конгрессийн баталсан шийдвэрээр Америк гишүүнчлэлээс татгалзаж болох ч жилийн өмнө анхааруулга санамж өгч, төлөгдөөгүй үлдсэн санхүүжилтээ барагдуулж дуусгах ёстой ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭМБ ийнхан коронавируст маш хариуцлагагүй хандсан нь үнэн шд.Монголд ирсэн баагийнууд нь хүртэл маск зүүхгүй, шаардлага байхгүй гээд өвчтэй франц дагуулаад ирээ биз дэн. Энэ байгууллага өөр нэгэн далд бүлэглэл, нууц эздийн гар хөл болсон сэжигтэй газар, тараах хэрэгтэй