Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж байна.
Сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас Нийслэлийн ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал ямар байна. Түүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Мөн борооны улмаас автозам, гудамж, талбайд учирсан хохирлыг хэрхэн шийдэж байгаа болон сайжруулсан шахмал түлшний нөөцлөлттэй холбоотой мэдээллийг өгөх юм.
Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров: Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Индра: Шүүрт худгууд ажиллаж байгаа ч их хэмжээний усархаг бороо ороход шүүрт худаг ачааллаа дийлэхгүй 20-30 минутын дараа зайлуулж байгаа.
Хүчтэй аадар борооны улмаас төвийн зургаан дүүргүүдэд нийт 7300 метр квадрат явган хүний зам эвдэрч 13100 метр урт авто замын хашлага эвдэрсэн бөгөөд нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Замын сангийн хөрөнгөөр 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Хотын төвийн автозам, гудамжинд үерийн ус их хэмжээгээр орж ирж байгаа нь дүүргүүдийн гэр хорооллын айлууд далан сувгууд хааснаас болж, хотын төвийн авто зам руу орж ирж байна. Үерийн улмаас нийт 3.9 тэрбум төгрөгийн авто зам эвдэрсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.